"А" данс олдохгүй байгаагаас малчид тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-05 11:41:50
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан. УИХ-аас гаргасан энэ шийдвэрийн хэрэгжилт Өвөрхангай аймагт ямар явцтай байгааг аймгийн ЭМНДХ-ийн тэтгэврийн улсын байцаагч Ц.Лхамсүрэнгээс тодрууллаа.
Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд тэтгэвэр авах нас нь болсон малчдын судалгааг аймгийн хэмжээнд гаргаж, 1200 гаруй хүнийг бүртгээд байгаа ч материалаа ирүүлж тэтгэврээ тогтоолгосон 189 хүн байна. Мөн материал нь ирж шалгагдаж байгаа 30 гаруй хүн байгаа юм. Малчны тэтгэврээ тогтоолгохыг хүссэн иргэд олон байгаа ч зарим сумдад малын “А” данс олдохгүй байгаагаас шалтгаалан хохирох хандлагатай байна. “Заавал малчны мал малласан тоо баримтыг авч тэтгэвэр тогтоох, олдохгүй бол шүүхээр шийдвэрлүүлэх чиглэл ирсэн. Гэвч Шүүхээс ажилласан жилийг тогтоож болох ч малчин гэдгийг тогтоох боломжгүй гэсэн тул тодорхой шийдвэргүй байна” гэх хариултыг өглөө.
Тухайн малчин тэтгэврээ тогтоолгохын тулд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн дагуу 1990-2000 оныг нөхөн тооцуулах бөгөөд энэ нь хөдөлмөрийн дэвтэр, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд хамрагдаж тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтэр, Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл, тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байвал малчнаар ажилласанд тооцох аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ