Умард Солонгост тусгай элчээ илгээх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-03-02 14:43:14
СӨҮЛ. /РОЙТЕРС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны урилгын дагуу Өмнөд Солонгосын зүгээс тус улсад тусгай элч илгээхээр төлөвлөж байна гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай утсаар ярихдаа мэдээлжээ.
 
Ройтерс агентлагийн мэдээлснээр, түнш хоёр улсын төрийн тэргүүн нар Умард Солонгосын өндөр дээд түвшний төлөөлөгчдийн саяхан Өмнөд Солонгост хийсэн айлчлалын талаар хэлэлцсэн байна.
 
Умард Солонгосын пуужингийн хөлтөлбөр болон цөмийн туршилттай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоол баталсантай уялдан нэлээд муудаад байсан хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн сард Пёнчанд болсон өвлийн олимпийн наадмын үеэр сайжрах хандлагатай болсон юм.
 
“Хоёр Солонгосын яриа хэлэлцээг үргэлжлүүлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн хүчин чармайлтаа улам нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн Мүн Жэ Ин болон Дональд Трамп үзэж байна” гэж Өмнөд Солонгосын төрийн тэргүүний Хөх ордноос тараасан мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Л.Батбаяр

Холбоотой мэдээ