Ц.Энхжин: Боломж нь бүрдвэл хамгийн түрүүнд Хэнтийд хүрч очно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-01 00:11:52

Хэнтий /МОНЦАМЭ/. “Miss World Mongolia 2017” тэмцээний үндэсний ялагч, дэлхийн шилдэг 15 миссийн нэг Ц.Энхжинтэй цөөн хором онлайнаар ярилцлаа. Түүний аав Монгол Улсын гавъяат тамирчин, уулын спортын мастер, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны соёл спорт хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэвээндаш гэдэг хүн бий. Харин өвөө нь Хэнтий аймгийн Дадал сумын харъяат Ц.Базарханд гэж баавай байжээ.

-Өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе.

- Таныг маш завгүй байдаг гэж сонссон. Нэг өдрийн ажлаа хэрхэн үр дүнтэй төлөвлөж гүйцэтгэдэг вэ? 
- Нэн чухал шаардлагатай ажлуудаа эхэнд бичиж төлөвлөөд, дараагаар нь бусад ажлуудаа жагсааж бичдэг.

- Таны бясалгал, иога хийх, өөрийгөө тайвшруулах энергиэ нөхөж авах арга болон зөвлөгөөг бүсгүйчүүд маань уншихыг маш их хүсч байгаа?
- Хүн цаг минут бүр бясалгах боломжтой гэж би боддог. Хамгийн гол нь төвлөрч сурах нь чухал. Бясалгах тусам хүн аливаа зүйлд автаж хэт ач холбогдол өгөлгүйгээр бодитой хандаж сурдаг.

- Таныхаар мисс гэж хэнийг хэлэх вэ. Мисс хүн ямар байх ёстой вэ? 
-Мисс гэдэг бол бүхий л эмэгтэйчүүдийг нэрлэнэ. Дэлхийн мисс тэмцээнд “Монголын мисс” гэж эх орныхоо нэрийг дуудуулна гэдэг маш том үүрэг, бас хариуцлага. Тус тэмцээн “гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн уриан дор явагддаг. Тийм ч учраас мисс хүн гэдэг өөрт заяасан гоо сайхан төрхөөр нийгэмд олон хүмүүсийн дуу хоолойг хүргэж, тэдгээр хүмүүсийг манлайлан, чадах бүхнээр туслалцаа үзүүлдэг “сахиусан тэнгэр” байх хэрэгтэй.

- Хэнтий нутагт ирж байсан уу? Тийм бол сэтгэгдэл дурсамжаасаа хуваалцана уу?
- Тийм ээ, би Дадал, Биндэр суманд очиж байсан. Бид гэр бүлээрээ Дадалд амарч байхад надад яг л үлгэрийн юм шиг мэдрэмж төрж байлаа. Оросын жижигхэн хөөрхөн тосгон шиг айл өрх бүр дүнзэн хашаа байшинтай. Хүмүүсийг нь харж байхад их ажилсаг хөдөлмөрч санагдсан. Байгаль нь бас маш үзэсгэлэнтэй.

- Та Зорилго бүхий мисс “Топ-20”-д шалгарч тавьсан зорилгодоо хүрлээ. Зорилгоо хэрэгжүүлэхээр цаашид хэрхэн төлөвлөж байна вэ?
- Төлөвлөсөн ажлуудаа одоо ажил хэрэг болгох үлдлээ. Оны дараа илүү идэвхтэй энэ төсөл дээрээ ажиллана.

- “Жалам хар” бүжгийг дэлхийн гоо бүсгүйчүүдэд заах үед танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
- Надад их сайхан санагдсан. Охид болон бүжиг дэглээчид маань маш их сонирхож байсан. Охид сурч байсан бүжгүүдээс хамгийн хэцүү нь байна гэцгээж байсан.

- Дэлхий нийтийн чиг хандлагын интерьер дизайн ямар байна? Танай компани интерьер дизайнд монгол хэв маяг шингээсэн ямар бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаа вэ?
- Эргээд гар аргаар урласан бүтээлүүд трэнд болж байгаа. Сургуулиа төгсөөд Монголдоо ажиллаж эхэлснээс хойш миний анзаарсан зүйл бол манай оронд хэрэглэгчдийн дизайныг хүлээж авах байдал нь их өвөрмөц бөгөөд зарим үед үйлчлүүлэгчдээ боловсрол олгох хэрэгтэй болдог. Бид энэ хэрэгцээнд үндэслээд бүх насны хүмүүст хэрэгцээтэй байгаа дизайн болон гоо зүйн мэдлэгийг олгох хичээлүүд, контент бүтээх хүсэлтэй байна. Мөн монгол ухааныг шингээсэн бүтээлүүд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа.

- Хэнтий нутагт хэзээ нэг өдөр ирж, ямар нэгэн арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцоно гэж төлөвлөж байгаа юу?
-Боломж нь бүрдвэл хамгийн түрүүнд хийх байх.

Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ