Н.Цэрэнбат: Салбар дундын зохицуулалтыг сайжруулах нь тогтвортой хөгжлийн суурь юм

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2018-02-28 16:19:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудын дунд “Парисын хэлэлцээрт үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх түншлэлийн төлөвлөгөө” семинар зохион байгуулав.

Семинарт Азийн хөгжлийн банк, Жайкагийн төлөөлөл, НҮБ-ын суурин төлөөлөгч, Элчин сайдын яамдын төлөөлөл, Сангийн яам, ГХЯ, ЭХЯ зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улс НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Киото протокол, Парисын хэлэлцээрт нэгдсэн. Энэ хүрээнд БОАЖЯ өнгөрсөн оны аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо гадаад, дотоодын 200 төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг хамруулсан "Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх түншлэл" анхдугаар чуулганыг зохион байгуулсан. Тус чуулганы үндсэн зорилго нь бүх салбарт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд Үндэсний хувь нэмрийн зорилгыг биелүүлэх чиглэлээр мэдээлэл өгөхөд чиглэж байв. Уг арга хэмжээний дараагийн алхам болгож өнөөдөр салбаруудын бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллага, түншүүдийг оролцуулсан түншлэлийн төлөвлөгөөг хэлэлцүүлэх семинар зохион байгуулсан юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх зорилгыг гадаад, дотоодын холбогдох талуудын уялдаатай, хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэх замаар дэмжин ажиллаж байна. Энэ удаагийн семинарт хандивлагч орнууд болон олон улсаас хэрэгжүүлж буй төслийн төлөөлөгчдөд өөрсдийн нөөц бололцоогоо танилцуулан цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Үндэсний хувь нэмрээ оруулах түншлэлийн төлөвлөгөөний зорилт, тэргүүлэгч үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, салбар дундын зохицуулалтын механизмыг бий болгох нь хүлээж буй үндсэн үр дүн гэж харж байна. Энэ нь тогтвортой хөгжлийн суурь болох юм” хэмээлээ.

Түншлэлийн төлөвлөгөөний зорилтуудыг тодорхойлох талаар талууд семинарын үеэр хэлэлцэн, санал солилцож, дараагийн гурван жилд тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах боломж, бололцооны талаар санал солилцсон юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ