Орон нутагт гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-02-28 09:09:33
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт “Altai beauty” нэрийн уруулын будаг,  саван, алжаал тайлагч ванны бөмбөлөг, энергийн лаа, машины үнэртүүлэгч гэх мэт гоо сайхны нийт таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэж байна. Эдгээр нь хонины сүүлний тос болон хүнсний сода, оливын тос гэх мэт бүтээгдэхүүнийг агуулж буй тул байгалийн гаралтай, органик гэдгээрээ онцлог, давуу талтай юм.  
Тухайлбал саван нь хонины сүүлний тос, глицерин, оливийн тос, эфирийн тос, савангийн суурь агуулсан тул арьсыг хуурайшуулахгүй, шим тэжээл өгч булбарай зөөлөн болгох үйлчилгээтэй ажээ. Уг бүтээгдэхүүнүүд нь Д, С, А, К амин дэмүүдээр баялаг тул харшил, хордлогоны эсрэг эерэг сайн нөлөөтэй учир арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх, арьсанд гүн шингэж, эд эсийг нөхөн төлжүүлэх тэжээлийн хүчлүүдээр  хангадаг ач холбогдолтой гэнэ. Хонины сүүлэнд ханаагүй тосны хүчил их, тэжээллэг чанар өндөртэй кальци, уургийн агууламж ихтэй тул хүний бие организмд хамгийн тохиромжтой, шингэц сайтай байдаг ажээ.
Одоогоор “Altai beauty” нэрийн бүтээгдэхүүнүүд Говь-Алтай аймгийн хэрэглэгчдэд 1000-10.000 төгрөгөөр борлуулж байна.  
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ