Бүртгэгчид мэдээллээ нэгдсэн санд шууд оруулах боломжтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-02-27 13:52:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмч улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд болж байна.

Зөвлөлгөөнд оюуны өмч улсын бүртгэлийн газар болоод нийслэл, 21 аймгийн хэлтсийн дарга нар, улсын бүртгэгчид, мэдээллийн технологийн ажилтнууд оролцож байна.

Энэхүү зөвлөлгөөнөөр 2018 оны зорилт, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газраас улсын бүртгэлийн системийг боловсронгуй болгоход анхаарч ирсэн бөгөөд  Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар Азийн хөгжлийн банктай хамтран  “Нийгмийн үйлчилгээний түгээлтийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Зөвлөлгөөний үеэр төслийн нээлт албан ёсоор эхлэв.



Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, “Өнөөдөр маш чухал арга хэмжээ болж байна. Монгол Улсын нэгдсэн бүртгэл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Төрийн ой санамжийг бүрдүүлдэг үйл ажиллагааг бүртгэл гэж  хэлээд байгаа юм. Иргэний эд хөрөнгө,  оюуны өмч, хуулийн этгээдийн бүх бүртгэлийг манай байгууллага хийдэг. Өнөөдөр Азийн хөгжлийн банкны 1.5 сая ам.доллароор хэрэгжих төсөл нээлтээ хийлээ. Бүртгэлийн үйл ажиллагаа цахимжиж ерөнхийдөө сайжирсан. Харин одоо илүү нарийвчилсан шинэчлэл хийх  дэд бүтэц рүү орж байна. Өөрөөр хэлбэл  энэ төсөл Монгол орны өнцөг булан бүрт байгаа бүртгэгчид  газар  дээр нь шууд бүртгэл хийж нэгдсэн  сандаа оруулах суурийг тавина.  Хөдөө орон нутаг сум, хороо гээд  анхан шатны нэгж бүртгэлээ нэтгэх дэд бүтцийг бий болгоно.  Хүүхэд төрсөн бол тэр дор нь бүртгэж мэдээллийг ирүүлэх боломжийг олгох чухал төсөл юм. Ингэснээр иргэн бүрийг тэгш байдлаар бүртгэлийн үйлчилгээнд хамруулахад чухал алхам болно” хэмээв.
 
Дээрх төсөл нь Монгол Улсын иргэний бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох дотоод сүлжээг сайжруулах, гар ажиллагаатай байдлаас цахим системд бүрэн шилжих, Улсын бүртгэлийн мэдээллийн чанарыг дээшлүүлэхэд чиглэх юм байна.


О.Мөнхжаргал


Холбоотой мэдээ