Франц улсын Музейн туршлагыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2015-11-24 11:29:13

Өнөөдөр Монголын үндэсний түүхийн музейн Эртний Монголын түүхийн танхимд Францын архитектор, музейн мэргэжилтэн, докторант Лиа Макадре “Франц улсын музейн туршлага”-ын талаар сургалт-семинар зохион байгуулав.

Тэрбээр, “Музейн салбарт суралцах нь. Францын хандлага ба музейнүүд”, “Францын музейн урлаг” сэдэвт илтгэлүүд тавьсан юм.

Францын архитектор Лиа Макадре нь 2003 онд Францын Түлүс хотын Үндэсний архитектурын сургуулийг бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд их сургуульд байх үеэсээ Монгол орон болон монголын соёлын өвийн талаар ихээхэн сонирхож судалдаг байжээ.

Тэрбээр Нийгмийн шинжлэх ухаан судлалын сургуульд Угсаатан судлал болон Нийгмийн хүн судлалын чиглэлээр суралцаж, “орчин үеийн Монголын суурин амьдрал” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан юм. Мөн Парист суралцах хугацаандаа музейн чиглэлээр мэргэшсэн компанид архитектурын төсөл, хөтөлбөрүүд дээр архитектурын шинжээчээр, мөн бүсийн болон үндэсний музейд  ажиллаж байсан юм. Үүний зэрэгцээ олон нийтийн институциуд болон хувийн сангуудын ажлын талбай, сан хөмрөгийг шинэчлэх, сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Эдгээр ажлын туршлагадаа үндэслэн Лиа Макадре “Монголын музей ба цуглуулга. Өв, үндэсний өвөрмөц байдал болон бүсийн нягтрал” сэдвээр докторын зэргийнхээ судалгааны ажлыг хийж байна.

Тэрбээр, Монгол, Францын музей болон соёлын өвийн хамтарсан төсөлд оролцож, мэдлэг чадвараа солилцох нь чухал ач холбогдолтой болохыг онцолж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ