Өвлийн хүлэмжээс өдөртөө хоёр кг ургац авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-21 17:20:12
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хувьд дулааны систем нь өвлийн хүлэмж байгуулж болохуйц байдлаар хийгдсэн учир энэ давуу талаа ашиглаж эхлэв. Тус аймгийн төв Хэрлэн сумын 1-р багт “Мянган ургац” ХХК өвлийн хүлэмжийг одоогоор туршиж байна.
Компанийн ажилчид 60х10 метрийн өвлийн хүлэмжээ өнгөрсөн оны 12 сарын 8-нд ашиглалтад оруулж, хүлэмжиндээ 5-6 сортын өргөст хэмх, улаан лооль, лууван, салатны навч, улаан, ногоон чинжүү тарьж байна. Өнгөрсөн 12 дугаар сард үр суулгаснаар энэ сараас ургацаа авч эхэлжээ. Одоогийн байдлаар өдөрт 2-3 кг өргөст хэмх хураан борлуулж байгаа бол үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр өдөрт 10-20 кг ургац авна гэж тооцож байгаагаа тус компанийн захирал Б.Гэрэлт-Од ярив.
Анх удаа туршилтаар хүлэмж барьсан учир агаарын солилцооны тал дээр алдаа оноотой зүйл бий. Одоо харьцангуй туршлагатай болсон учир энэ ондоо багтан дахин нэг хүлэмж барихаар зорьж байгаа юм. Тэд хүлэмжиндээ тарьж ургуулж болох бүгдийг туршиж үзэхээр төлөвлөж, одоогийн байдлаар гүзээлзгэнэ үрслүүлжээ.
Халаалт дулааны асуудлыг "ДБЭХС" ТӨХК-ийн төв шугамаас труба татаж шийдсэн байна. Энэхүү өвлийн хүлэмж нь Дорнод аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа анхны өвлийн хүлэмж гэдгээрээ онцлог. Ирэх жилүүдэд хүлэмждээ нарийн ногоо ургуулж, аймгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг жилийн дөрвөн улирлын турш бүрэн хангах зорилт тавиад байгаагаа ч дуулгасан.
Тус аймгийн иргэд урин дулааны улиралд хүнсний шинэхэн ногоогоор тасардаггүй ч өвөлдөө урд хөршөөс зарим төрлийн нарийн ногоог байнга зөөснөөр 7.2 тэрбум төгрөг гадагш нь урсгадаг гэсэн статистик үзүүлэлт бий. Түүнчлэн “ДБЭХС” ТӨХК нь өвлийн ид ачааллын үед нийт үйлдвэрлэсэн дулааныхаа 60-аад хувийг ашиглаж, үлдсэнийг нь агаарт хөргөдөг. Тэгвэл ашиглагдахгүй байгаа дулааны ердөө хоёр хувийг өвлийн хүлэмжид зарцуулахад л Дорнодчууд жилийн дөрвөн улирлын турш шинэ ногоогоор хангагдах боломж бүрдэх юм.
Энэ талаарх санал санаачилгаа өнгөрсөн жил Эрчим хүчний яаманд уламжилснаар, “Станцын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, жижиглэсэн биш төвлөрсөн байдлаар өвлийн хүлэмжийн асуудлыг шийдэж, ирэх жилийн халаалт эхлэхээс өмнө төслөө тодорхой өгч шийдүүл” гэсэн хариу өгсөн байдаг. Тийм учраас өвлийн хүлэмжийг ажил болгон хэрэгжүүлж, туршиж эхэлсэн байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ