Дагестанд террорист халдлага болж таван хүн амь үрэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-02-19 23:36:59
Москва /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-ны өдөр ОХУ-ын субъект Бүгд найрамдах Дагестан улсын Кизляр хотод террорист халдлага гарч таван хүн амь үрэгдэж, дөрвөн хүн шархадлаа. Халдлагын хариуцлагыг ОХУ-д хориотой “Исламын улс” бүлэглэл хүлээхээ мэдэгдэв.
 Тодруулбал Кизляр хотын үнэн алдартны нэгэн сүмд Оросын шашны баяр “Масленица”-г тохиолдуулан мөргөл үйлдэхээр цугларсан хүмүүс рүү ангийн буугаар зэвсэглэсэн 23 настай Халил Халилов гэгч гал нээжээ. Гэрчийн ярьж буйгаар алан хядагч сүмрүү нэвтрэх санаатай байсан ч түүнийг оруулаагүй учир “Аллаху акбар” хэмээн хашгирч сүмийн үүдэнд байсан хүмүүсийг буудаж эхэлсэн байна.
 Террорист халдлагын улмаас 5 хүн амь үрэгдэж, 4 хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Амь үрэгдэгсэд бүгд эмэгтэйчүүд байсан бол шархадсан хүмүүсийн дунд цагдаагийн хоёр ажилтан байв. Шархадсан цагдаагийн  ажилтан алан хядагчийг газар дээр нь буудан устгасан байна.
 Бүгд найрамдах Дагестан улсын цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан болон захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байна. Харин ОХУ-д хориотой “Исламын улс” бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгдээд буй юм.
 
Л.Нандиа
 
 
Холбоотой мэдээ