“Алтан унага”,”Алтан хурга”-ны эзэд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-19 09:17:45
Ховд /МОНЦАМЭ/ ХХААХҮЯ, МҮОНРТ-ээс 57 дахь жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” Ховд аймгаас тодорчээ. Ховд аймгийн Дарви сумаас “Алтан хурга”-ны эзэн малчин тодорсон бол Эрдэнэбүрэн сумаас “Алтан унага”-ны эзэн малчин тодорлоо.
Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин халааг бэлтгэж, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан МҮОНРТ-тэй хамтран шалгаруулдаг энэхүү нэр хүндтэй шагналыг түүхэндээ анх удаагаа Эрдэнэбүрэнчүүд ийнхүү хүртлээ.
Төлийн дуу цангинах цаг ойртсон агшинд “Алтан унаганы эзэн” малчнаар тодорсон аймгийн аварга малчин Нацагийн Лхагвасүрэнгийнх сумын төвөөс 15 км-ийн зайд орших Баянгол багийн нутаг худаг хэмээх газар тарган тавтай өвөлжиж байна. Алтан унаганы эзэн малчин Лхагвасүрэн нь эрдэнэт мал сүргээ үр төлөөр нь өсгөн арвижуулж, сүүлийн 3 жил 1329-1626 толгой мал тоолуулснаар 320-405 адуу тоолуулж, адууны үүлдэр угсааг сайжруулан чадваржуулахад идэвх санаачлага гаргажээ.
Мөн сүүлийн 3 жилд 115-140 хээлтэгчээс 100 хувь унага бойжуулсан амжилтаар шар Нохой жилийн босгон дээр ХХААХҮЯ, Монголын үндэсний радио телевизийн нэрэмжит “Алтан унаганы эзэн” шагналыг гардан авлаа.
                                                                                                                                            А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ