“Монос фарм”-ын үйл ажиллагаа олон улсад баталгаажлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД“Монос фарм” компани Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001:2008/MNS ISO 9001:2010 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн төдийгүй Олон улсын GMP-ын шаардлага хангасан эмийн үйлдвэрээ ашиглалтад оруулахаар зэхэж байна.
Тус компани нь ДЭМБ-ын Олон улсын эмийн үйлдвэрийн шаардлага /Good manufacturing Practice/ хангасан “Эм Үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага” MNS 5524 стандартыг мөрдөж ажилладаг. Тус стандарт шаардлагын дагуу дэргэдээ Чанарын хяналтын албатай бөгөөд түүхий эд, бараа материал, сав баглаа боодлоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагад хяналт тавьж ажиллаж байна. Одоогоос 10-аад жилийн өмнө Эмийн чанарын хяналтын лабораторидоо олон улсын ISO 17025 cтандартыг нэвтрүүлжээ. Энэ хугацаанд 4 дэх удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Харин энэ удаад удирдлагын тогтолцоондоо олон улсын стандарт ISO 9001-ыг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэх, чанарын баталгаатай эм үйлдвэрлэхэд чиглэсэн байгууллагын бүх үйл ажиллагааг хяналттай, алдаагүй, эрсдэлгүй байлгаж, тасралтгүй сайжруулан ажиллах нөхцөл нь баталгаажиж байна.
Д.Өлзий