Монголын хүүхдийн спортын наадамд 9 төрлөөр оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 14:59:32

Хэнтий аймгийн удирдлагууд Монголын хүүхдийн спортын 5-р их наадмын шигшээ тэмцээнд оролцох өсвөрийн шигшээ баг тамирчиддаа аймгийнхаа тугийг гардуулан спортын их амжилт хүсэн ерөөж, Олимп цогцолборын дэвжээнээ үдэн гаргах ёслол хийв.

Тэмцээн энэ сарын 12-18-ны өдөр Улаанбаатар хотноо  спортын 17 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Хэнтий аймгийн спортын өсвөрийн шигшээ 75 баг тамирчид 9 төрлөөр тэмцээнд оролцох аж.
Тус арга хэмжээнд  Аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, БТСГ-ын дарга, Хүүхдийн наадмыг орон нутагт зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Л.Баяраа, Тэмүүжин цогцолбор сургуулийн захирал н.Баттуяа, МСҮТөвийн нийгмийн түншлэл хариуцсан ажилтан н.Базарсад нар оролцлоо.
Уг тэмцээнд Б.Саруул, Э.Ууганболд дасгалжуулагчтай Гимнастик баг тамирчид, Спортын мастер Ч.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай шатар, даамын өсвөрийн шигшээ баг, Биеийн тамирын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Жүдо бөхийн өсвөрийн шигшээ баг, Биеийн тамирын тэргүүний ажилтан, спортын мастер н.Төрбат дасгалжуулагчтай хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ баг, Т.Амарбат дасгалжуулагчтай Чөлөөт бөхийн баг тамирчид  оролцох эрх авчээ.
Спортын өсвөрийн шигшээ баг тамирчддаа төлөөлөн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт даам, шатрын спортын өсвөрийн шигшээ багийн тамирчин М.Лувсандорж, Монгол туургатан хүүхдийн спортын их наадмын алт, хүрэл Улсын аварга хөнгөн атлетикийн тамирчин н.Хонгорзул нар аймгийнхаа тугийг гардан авч хүндэтгэл үзүүллэв.
Уг тэмцээн Монгол улсын Засгийн газрын 2014 оны 369 дугаар тогтоолын дагуу  дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд