Шведийн тамирчин "Пёнчан-2018"-ын анхны алтан медалийн эзэн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-10 16:58:06
ПЁНЧАН. /Ёнхап/. Шведийн гүйлтийн цанын тамирчин Шарлотт Калла Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадмын эмэгтэйчүүдийн 15 км-ийн скиатлоны төрөлд түрүүлснээр энэ олимпийн анхны алтан медалийн эзнээр тодорлоо.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Ш.Калла 15 км замыг 40 минут, 44.9 секундэд туулснаар "Пёнчан-2018" олимпийн аварга болсон байна.

Норвегийн алдарт тамирчин, олимпийн зургаан удаагийн аварга Марит Бьёрген 40 минут, 52.7 секундийн амжилтаар хоёрдугаар байрт, Финландын тамирчин Криста Пармакоски 40 минут 55 секундийн амжилтаар гуравдугаар байрт оржээ.

Тэгвэл “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцож буй Өмнөд Солонгосын хамгийн ахмад тамирчин Ли Ча Вон 46 минут 44.5 секундийн амжилтаар 60 тамирчнаас 57 дугаарт барианд орж ирсэн байна.

Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 15 км-ын скиатлон буюу холимог уралдааны төрөлд тамирчид гараанаас ар араасаа гарах бөгөөд эхний 7.5 км-т сонгодог хэлбэрээр, үлдсэн 7.5 км-т чөлөөт хэлбэрээр уралддаг аж.

Хоёрдугаар сарын 9-ны орой буюу өчигдөр орой эхэлсэн өвлийн олимпийн XXIII наадамд 92 улс орны 2920 гаруй тамирчин 102 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Г.Доржханд

Холбоотой мэдээ