Бельгид 16 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-23 09:51:58

БРЮССЕЛЬ. /TASS/. Бельгид терроризмтой тэмцэх томоохон хэмжээний ажиллагаа явуулж, 16 хүн баривчилсан тухай тус улсын нийслэл Брюссель хотын Прокурорын газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Энэ сарын 13-нд үйлдсэн Парисын халдлагын гол сэжигтэн болох Салах Абдеслам баривчлагдсан хүмүүсийн дотор байхгүй бөгөөд түүнийг эрэн сурвалжилсаар байна.

Брюссель болон Шарлеруа хотод нийтдээ 19 байшинд нэгжлэг хийсэн боловч зэвсэг, тэсрэх бодис илрээгүй байна.

Баривчлагдсан хүмүүсийн нэг нь цагдаа нараас зугтаж автомашинд нуугдахыг оролдох үедээ гэмтжээ.

Брюссель хотод халдлага үйлдэж болзошгүй байгаа лалын шашинтнуудын эсрэг явуулж буй ажиллагаа үргэлжилсээр байна.

Цагдаа нар ийм ажиллагааны талаар мэдээлэхгүй байхыг хэвлэлийнхнээс хүссэн бол харин хаана ажиллагаа явуулж буй талаар нийгмийн сүлжээнүүдэд бичихгүй байхыг оршин суугчдаас хүсчээ.

Террорист аюулын хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшнийг Бельгид дор хаяж дахин нэг хоног зарласан хэвээр байна гэж тус улсын Ерөнхий сайд Шарль Мишель ням гарагт мэдээлсэн байна. Түүний хэлснээр, Парисынхтай адил халдлага Бельгийн нийслэлд давтагдаж болзошгүй гэсэн ноцтой болгоомжлол байна. Шинэ халдлага үйлдэхээр зэхэж байна гэж Бельгийн тусгай албаныхны сэжиглэж буй хүмүүсийг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа аж.

Даваа гарагт Брюссель хотын дунд болон их сургуулиуд, метронууд бүгд хаалттай хэвээр байна. Зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид хотын оршин суугчдад зөвлөж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ