2016 оныг “Залуучуудыг дэмжих жил” болгон зарлаж өгөхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 13:09:42

Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргаас ирэх оныг зорилтот жил болгох санал асуулгыг иргэдийн дунд зарлаад буй. Тэгвэл аймгийн залуусын нэгдэл болох Хас хэлхээ ТББ, Соёмбот хангай ТББ, Хариуцлагатай залуу манлайлагч клубаас 2016 оныг “Залуучуудыг дэмжих жил” болгон зарлаж өгөх хүсэлтийг аймгийн удирдлагуудад хүргээд байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд залуучуудын чиглэлээр 20 гаруй байгуулагаүйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгдмэл санаа зорилготой болгох, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд татан оролцуулах шаардлагатай хэмээн тэд үзэж байна.

Аймгийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 39,6 хувийг18-35 насны залуучууд эзэлж байгаа юм. 44632 залуусын 27,2 хувь нь Арвайхээр хотод ажиллаж амьдарч байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэдийн олонхийг буюу 80 хувийг  16-34 насны залуучууд эзэлж байгаа аж. Тиймээс залуучуудын өмнө ажлын байр, тогтвортой орлого нэн тэргүүний тулгамдсан асуудал болж, нийгэмд эзлэх байр суурь, идэвх оролцоо сул байгаагаас архидалт, гэр бүлийн салалт ихтэй байгааг дээрх төрийн бус байгууллагуудын төлөөлөл онцлож байлаа.

Түүнчлэн ажил орлоготой залуусын дунд боловсрол, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх нөхцөл хязгаарлагдмал,чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байгаа нь бас нэг тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Залуучууд бол нийгмийн үнэт баялаг, хөтлөх хүч, хөгжлийг түүчээлэгч учраас тэднийг дэмжсэн төрийн бодлого хэрэгтэй байгааг аймгийн удирдлагуудад дуулгаж, ирэх онд залуусаа дэмжсэн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг уриалж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ