Зам давааны аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Цас орж шуурсан тохиолдол бүрт улсын болон орон нутгийн чанартай зам даваануудыг онгойлгох хусалт хийх, үнс цацах, нэмэлт тэмдэг тэмдэглэгээ тавих ажилд Завхан АЗЗАН компаниас ажлын хэсэг гарч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комисс мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Их-Уул–Тосонцэнгэл сумын хооронд цасаар шуурч зам нарийссан хэсэгт автогрейдер, авто ачигч, өөрөө буулгагч нэг, үйлчилгээний автомашинтай долоон хүнтэй ажлын хэсэг хусалт хийж байна.
Завханы улсын чанартай болон орон нутгийн чанартай авто зам, даваануудад он гарсаар нийт 40 удаагийн хусалт хийж үнс цацжээ. Тухайлбал А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн замын 71 км болон Нөмрөг-Баянтэс-Баруундаваа чиглэлийн 22 км-т хоёр удаа хусалт хийж автозамыг аюулгүй болгожээ.
Мөн А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн давааны замд 28 км-т хусалт хийж, 15 км-т цацлага, түр тэмдэг тэмдэглэгээг энэ сарын 17-25-ны хооронд хийсэн байна.
Харин А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын давааны замд 40 км-т хусалт хийж, үнс цацлагыг гурван удаа хийж, цас шуурч зам ховилдсон байсныг онгойлгожээ. Түүнчлэн А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн Солонготын давааны замд 95 км-т хусалт хийж, 10 км-т цацлагыг энэ сарын 04-25-ны хооронд нийт долоон удаа хийсэн байна.
Ер нь жолооч нар болон, малчид иргэд цаг агаарын хүнд нөхцөлд холын болон ойрын тээвэрт явах зорчихдоо анхаарал болгоомжтой явж хурдаа тааруулахыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Б.Мягмарсүрэн