Сурын харвааны түүхэнд хоёр төрөлд зэрэг түрүүлж Мэргэн цол авсан анхны тохиолдол юм билээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-30 14:48:20
Дорнод /МОНЦАМЭ/ Өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын буриад, халх сурын харваанд түрүүлсэн Улсын мэргэн Б.Баярчимэгийг нутагтаа ирэх үеэр нь уулзаж, сар шинийн босгон дээр билгэтэй сайхан яриа өрнүүлэв. Тэрээр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат. Хорь гаруйхан насандаа Улсын мэргэн цол хүртсэн, улсын наадмын сурын харвааны хоёр ч төрөлд түрүүлсэн гээд анхны "рекорд"-ыг тогтоосон нэгэн. 

-Та 2013 онд аймгийн наадамд Халх, Буриад сурын төрлөөс хоёр түрүү авч байсан. Энэ жил ч мөн Улсын наадмаас хоёр түрүү авлаа. Ховор тохиол байх шүү?
-Баярлалаа. Нутгийн зон олныхоо амар мэндийг айлтгая. Өнгөрсөн жил улсын наадамд Б.Пунсалдулам түрүүлэхэд, бидний үеийнхэн амжилт гаргаж эхэллээ гэж ихэд бэлгэшээсэн. Буриад сурын харваанд 64 сумаас 61 онож  түрүүлэхдээ маш их догдолж урамшсан. Энэ хэрийн амжилт үзүүлнэ гэж үнэндээ төсөөлөөгүй байсан. Тэгэхдээ түрүүлчихлээ гэж баярлахаасаа илүүтэй амжилтаа баталж, Халх сурд ч бас манлайлах юмсан гэж зорьсон.

-Ингэхэд Халх, Буриад сурын онцлог нь юу вэ. Буриад сур нь бай нарийнтай, нум зөөлөнтэй байдаг гэж сонссон?
-Тийм ээ. Нумын хийц, сум, бай, зай гээд ялгаатай зүйл их бий. Буриад сурын харваа нь 64 сум, Халх харваанд 40 сум тавьдаг. Буриад сурын харваанд 30, 45 м гэсэн хоёр зайнаас харвадаг . Харин Халх сурын байг хана харваа, хасаа харваа гэж ангилна. Техникийн хувьд төдийлөн ялгаа байхгүй ч нэр, нэршил, ур хийц гээд ялгаатай зүйлүүд бий.

-Аль харваа нь танд илүү ойр байдаг вэ, техникийн хувьд төстэй ч ур хийц, бай, зай гээд өөр зүйлүүд их бий гэж хэллээ?
-Түрүүнд хэлсэнчлэн техникийн хувьд төдийлөн ялгаагүй болохоор тэрэнд нь энэнд нь илүү ойр сайн гэж хэлэхэд хэцүү юм аа. Аав, өвөө хоёр маань хоёуланд нь дурлаж хичээллэдэг болохоор би ч бас тийм. Хүүхдүүд бол Халх харваагаар л хичээллэж эхэлдэг. Буриад сурыг насанд хүрэгчид харвадаг юм л даа. Аав, өвөөгөө дагаад найман настайгаасаа л Халх харваагаар хичээллэсэн.

-Нээрээ, аав өвөө хоёр тань бас Улсын мэргэн шүү дээ. Тийм болохоор таны хувьд гурав дахь үеийн мэргэн харваач байх аа?
-Мэргэн болсны дараа сонин хэвлэлээр тэгж бичигдэх болсон ч би чинь дөрөв дэх үеийн мэргэн юм билээ. Тэр үед өөрөө ч сайн мэдэхгүй байсан хэрэг л дээ. Өвөөгөөсөө нэг сонирхолтой түүх сүүлд сонссон нь миний буурал өвөө Б.Дамчаа гэж бөх барилдаж, нум харвадаг хүн байж. Буурал өвөө минь аймгийн наадамд үндэсний сур болон бөхөд хоёуланд нь түрүүлж байсан юм билээ.

-Буурал өвөө тань бас нэг наадмын хоёр түрүү авчээ. Удмын юм байна аа даа?
-Магадгүй шүү. Манай өвөөгийн тухай тэр үедээ сонин хэвлэлээр нэлээн шуугиж байсан гэж ярьдаг юм.

-Таны хувьд хамгийн дотно зөвлөгч, дасгалжуулагч нь аав, өвөө хоёр тань. Тэднийгээ танилцуулаач?
-Намайг энэ спортод дуртай болгож, зааж зөвлөдөг дасгалжуулагч маань тэд. Аавыг маань Игорын Батбаяр гэдэг. Буриад сурын харвааны Улсын мэргэн цолтой, Халх, байт харвааны Спортын мастер хүн бий. Харин өвөө Дамчаагийн Игор Улсын гарамгай мэргэн. Наадмаар аавынхаа хэлсэн “Техникээ бодож тайван харваарай” гэсэн үгийг бодон бодон харвасан даа.

-Таны цолны мялаалга өнгөрсөн намар өргөн дэлгэр болсон шүү дээ. Тэр үеэр аймгийн Сурын холбооны тэргүүн “Ийм залуудаа энэ хэрийн амжилт гаргасан анхны тохиолдол” гэж хэлсэн санагдана.
-Нэг жилийн наадмаар Ерөнхийлөгчийн зарлигийг хоёр удаа сонсож, Улсын мэргэн цол хүртэнэ гэдэг ховор хувь заяа гэж баярлаж сууна. Цолны мялаалга харваанд 50 гаруй харваач цэц билгээ сорьж, тэр дунд Монгол Улсын мэргэн цолтой хүн дөрөв байсан. Залуу харваачын цолны найранд Мэргэн цолтой хүн олон оролцсон нь хүндэтгүүштэй сайхан үйл явдал. Сурын харвааны түүхэнд хоёр төрөлд зэрэг түрүүлж, Мэргэн цол авсан анхны тохиолдол юм билээ. Манай аймагт цолоо ахиулсан хүн олон ч, шинээр мэргэн цолтон төрөлгүй удсан юм л даа. 14 жилийн дараа аймагтаа Улсын мэргэн цол авчирлаа.  

-Өвөлд бэлтгэлээ яаж хийдэг вэ?
-Би 2015 оноос хойш Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид ажилласан. Ахлах дэслэгч цолтой. Шүхэр десантын 3 дугаар зэрэгтэй, цэргийн шүхэрчин л дээ. Ажилд орсноос хойш бэлтгэл хийх зав зай хязгаарлагдмал болсон. Өвөлдөө бэлтгэл хийж амжихгүй шахуу л явна даа.

-Энэ хэрийн амжилт гаргахад бэлтгэл чухал шүү дээ. Улсын баяр наадмаар бэлтгэл хангалттай байв уу?
-Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш тактикийн тэмцээн хоёр жилд нэг удаа болдог юм л даа. Тэр нь өнгөрсөн онд тохиосон. Марш тактикийн тэмцээнд бэлдэж, цэргийн ангийнхаа эмэгтэйчүүдтэй сар гаруйн хугацаанд хээрийн бэлтгэлд гарсан нь бие бялдар сэтгэл зүйд их нөлөөлсөн. Цэргийн хүн болоод ч тэр үү, халуун хүйтэнд ч гадаа жагсаж хатууждаг болохоор сэтгэл зүй харьцангуй бэлтгэгдсэн байдаг юм болов уу. Улсын баяр наадмаар би маш тайван байсан.

-Харваач хүний хувьд өөрийгөө цаашид хэрхэн хөгжүүлье гэж бодож байна? Олон улсад өрсөлдөх боломж бий юу?
-Олныхоо итгэлийг хөсөрдүүлэхгүй мэргэн цолоо ахиулахын төлөө өөрийгөө дайчилна. Мэргэн цол хүртсэнээс хойш надад туслах, дэмжих хүмүүс их болсон шүү. Олон улсад өрсөлдөх боломжийн тухайд, байт харваагаар хичээллэж өөрийгөө сорих юмсан гэж боддог. Би уг нь оюутан байхдаа байт харваагаар хэсэгхэн хичээллэж байсан юм. Гэхдээ байт харваа, үндэсний харвааны техник асар ялгаатай болохоор хоршуулж амжилт гаргахад хүндрэлтэй. Үндэсний харвааны техникээ алдаж болзошгүй учраас хөгжүүлээгүй орхичихсон. Харин одоо бол хичээллэх хүсэл бий.

-Олон улсад амжилт гаргана гэдэгт тань эргэлзэхгүй байна. Улам их амжилт хүсье.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ