“Air India”-гийн онгоцны бүхээгийн дуу хураагчийг олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 16 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн осолдсон нисэх онгоцны бүхээгийн дуу хураагчийг мөрдөгчид олжээ. Өнгөрсөн долоо хоногт олон хүний амийг авч одсон ослын шалтгааныг илрүүлэхэд энэ нь чухал алхам болж байна.
Лондоныг чиглэн хөөрсөн “Air India” компанийн “Boeing 787-8 Dreamliner” загварын онгоц өнгөрсөн пүрэв гарагт Энэтхэгийн баруун нутгийн Ахмедабад хотоос хөөрснийхөө дараа удалгүй осолдсон юм. Ослын улмаас 270 хүн амиа алдсаны ихэнх нь зорчигчид байжээ.
Бүхээгийн дуу
хураагч нь нисгэгчдийн яриа, дохиолол, орчны дуу чимээ зэргийг хураан авдаг. Харин
нислэгийн өндөр, хурд, хөдөлгүүрийн ажиллагаа зэргийг бүртгэдэг нислэгийн
мэдээлэл бүртгэгчийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт олсон юм. Эдгээр хоёр төхөөрөмж нь нийлээд
онгоцны “хар хайрцаг”-ийг бүрдүүлдэг бөгөөд ослын шалтгааныг тогтооход нь мэргэжилтнүүдэд тусалдаг.
Энэтхэгийн Нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах товчоо ослын шалтгааныг тодруулах ажиллагааг удирдан явуулж байна. Уг ажиллагаанд АНУ, Их Британийн багууд туслалцаа үзүүлж байгаа ажээ. Тус хороо гурван сарын дотор урьдчилсан тайлангаа гаргаж, цаашид ийм осол гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд үйл ажиллагааны шинэ журам санал болгоно гэж “All India” радио мэдээлжээ.
Ахмедабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хойш нэг минут хүрэхгүй хугацааны дараа AI171 дугаартай онгоц Анагаах ухааны коллежийн эмч нарын байрыг мөргөсөн байна. Онгоцонд сууж явсан 242 зорчигч болон хөлгийн багийн гишүүдийн дундаас ганцхан хүн амьд үлдсэн юм. Албаныхан мөн ослын газарт хэдэн хүн амиа алдсаныг тогтоохоор ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ослын газраас 270 хүний цогцсыг гаргаж авсан гэж эмч нар мэдээлжээ.