Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-30 09:03:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд ирэх хоёрдугаар сард агаарын температурын дундаж нь 15-20 градус хүйтэн буюу уур амьсгалын дундаж орчим, хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас ахиу байх урьдчилсан төлөвтэй байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тухайн сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус,  нэгдүгээр арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байх аж. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах бол бусад хугацаанд шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн зарим хэсгээр бага зэргээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурах ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ