Вьетнам Улсаас ажиллах хүчин оруулж ирэх яриа хэлэлцээ хийгээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-26 16:19:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболдын Вьетнам Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсаас мэргэжилтэй ажилчин авах талаар яриа хэлэлцээр өрнөсөн мэтээр олон нийтийн дунд яриа тарсантай холбогдуулж УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны зөвлөх Ж.Мөнхжаргал залруулга хийв.

Тэрбээр, "Энэхүү айлчлал нь албан айлчлал байсан хэдий ч тус улсын төрийн дөрвөн өндөрлөг айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзалт хийсэн. Ингэснээр айлчлал төрийн зиндааны түвшинд хүрч очсон айлчлал болсон. Уг айлчлал нь хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан бөгөөд эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах, зам тээврийн асуудлыг шийдвэрлэх, Монголоос суралцдаг оюутны тоог нэмэгдүүлэх, Монголд газрын тос боловсруулах Вьетнамын компани ирж ажиллах, гүн хөлдөөсөн ямааны махыг нийлүүлэх, худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх, уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа хэлэлцээрийг хийж айлчлал амжилттай өндөрлөсөн. Гэтэл айлчлалын дараагаас эхлэн зарим цахим хаягуудаар Вьетнам Улсаас ажиллах хүчин оруулж ирэх яриа хэлэлцээ хийсэн мэтээр бичиж байгаа нь ташаа мэдээлэл юм" гэлээ.
Б.Туул
Холбоотой мэдээ