Өмнөд Солонгос болон Японд Умард Солонгос нүүрс нийлүүлж байгаа бололтой гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-26 12:32:47
МОСКВА. /ТАСС/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээг зөрчин,  Умард Солонгосын нүүрсийг Оросоор дамжуулан Өмнөд Солонгос болон Япон улсад нийлүүлсэн бололтой гэж  “Ройтерс” агентлаг мэдээлэв.
 
Тус агентлагийн мэдээлснээр, 2017 оны наймдугаар сард Умард Солонгосын экспортлох бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хориглосноос хойш тус улс хамгийн багадаа 3 удаа Оросын Находка болон Холмск боомтуудад нүүрс тээвэрлэсэн байна. Тэндээ буулгасан нүүрсээ ачиж Өмнөд Солонгос болон Япон улсад хүргэдэг аж.

Гэсэн хэдий ч Өмнөд Солонгос болон Японд тээвэрлэн хүргэсэн нүүрс нь Умард Солонгосоос тээвэрлэсэн нүүрс баталгаатай мөн эсэхийг тус агентлаг нотлож чадахгүй байгаагаа хүлээн зөвшөрч байгаа юм. Умард Солонгос “Хвансон-14” тив алгасагч баллистик пуужин хөөргөсний хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2017 оны наймдугаар сарын 5-нд тус улсын эсрэг хориг арга хэмжээний дэглэмийг чангатгаж, нүүрс, төмөр, хар тугалга болон далайн бүтээгдэхүүн зэрэг хэд хэдэн ашигт малтмал, бараа бүтээгдэхүүнийг Умард Солонгосоос экспортлохыг хориглосон юм. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ