Өнгөрсөн онд 0-5 насны 49 хүүхэд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-22 12:14:36
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ оны эхэнд бага насны хоёр хүүхэд томуу өвчний хүндрэлээс шалтгаалсан байж болзошгүй байдлаар нас барсныг бид мэдээлж байсан. Хэдийгээр шинжилгээний хариу гараагүй ч уг асуудалтай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, эх хүүхэд, гэрийн эргэлтийг эрчимжүүлэх, томуугийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх болон жирэмсэн эх, тав хүртэлх насны хүүхдийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих талаар зөвлөлджээ. Мэдээллийг аймгийн ЭМГ-ын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Я.Жаргалаас тодрууллаа.
Өнгөрсөн оны байдлаар Өвөрхангай аймагт 0-5 насны 49 хүүхэд эндсэн бөгөөд 10 хүүхэд осол гэмтлээс шалтгаалан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. 39 нь нялхсын эндэгдэл ба дутуу, жин багатай төрөх явдал давамгайлж байгааг хэлэв. Осол гэмтлээс нас барах тохиолдол өнгөрсөн оноос 50 хувиар буурсан ч нялхсын эндэгдэл улсын дундаж хувиас буурахгүй байгаа аж. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн шинж тэмдгийг танихад мэдлэг дутахаас гадна анхаарал болгоомжгүй байх, хүн хүчгүйн улмаас бага насны хүүхдээ гэрт орхих,  бага насны хүүхдээр харуулах зэргээс шалтгаалан амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ