Хүүхдийн тасагт хэвтэгсдийн 95,4 хувь нь томуугийн оноштой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 95,4 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тус тасаг нь 25 ортой бөгөөд өчигдрийн байдлаар 47 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ачаалал ихэссэн тул Дотрын тасгийн нэг, Лорын тасгийн хоёр палатыг нэмж ашиглаж байгаа аж.
Тандалт судалгаагаар энэ долоо хоногт аймгийн хэмжээнд томуугийн дэгдэлт 0,7 хувиар өсжээ. Амбулаторийн 18 нэгжээр үйлчлүүлсэн 6241 хүний 9,1 хувийг, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсдийн 31,9 хувийг, түргэн тусламжийн дуудлагын 41,1 хувийг томуу эзэлжээ. Томуугийн өвчлөл хөдөө сумдад ихээр бүртгэгдсэн ба Алтанцөгц сумд 25,3, Бугат сумд 19,3, Булган сумд 34,6, Сагсай сумд 35,1, Толбо сумд 15,9, Цэнгэл сумд 20 хувьтай байна.
Үүнтэй холбогдуулан Нэгдсэн эмнэлэгт нэмэлт түргэн ажиллаж, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
Журмаар томуу, томуу төст өвчлөл 15 хувьд хүрсэн үед хязгаарлах, хориг тогтоох нөхцөл бүрддэг заалттай ба зарим иргэдийн хэлж байгаачлан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амралтын хугацааг сунгах шийдвэр гараагүй байна.
Ө.Нурболат