Ж.Мөнхбат: Банкны зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл санаачилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-18 15:38:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Банкны тухай хуулийг хэлэлцэж баталсан. Уг хуулийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Чуулганы хуралдаанаар  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр зээлийн хүүг бууруулах заалт унасан байна. Энэ заалт ямар учир шалтгаанаар унав?
-Энэ асуудлыг хэлэлцэх үеэр би их бухимдлаа. Банкны хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэхэд би гурван зүйлийг хэлж байсан. Тодруулбал, банк санхүүгийн орчныг сайжруулах, банк дэргэдээ охин компани байгуулж бизнес хийдэг байдлыг зогсоох, хүүгийн дарамтыг бууруулах ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Энэ заалтууд уг хуулийг дагаж хамт өргөн мэдүүлсэн хуульд орж ирсэн ч харамсалтай нь хасчихлаа. Байнгын хорооны хурлаас буцаасан байна. Банкны лоббинд өртсөн байх магадлалтай гэж би хардаж байна.

Банкны хуулийг сайжруулах, банк санхүүгийн орчныг сайжруулж хүүг бууруулах асуудлыг ярих бүрт банкны эзэд нийлж нэг баг болж тав, гурван төгрөг босгон ийш тийшээ ханддаг. Хэвлэлийнхэнд ч нөлөөлдөг. Тэд "Үндэсний аюулгүй байдал хэцүүдэж, банкууд дампуурлаа" гэх зүйлийг ярьдаг. Ингэж ярьсаар 20 гаруй жил боллоо. Үүний үр дүнд Монгол Улс дэлхийд байхгүй 25 хувийн хүүтэй зээл олгож байна. Мөнгө хүүлдэг хүүлэлтийн орон болж хувирсан. Үүнийг таслан зогсоох ёстой.

Банкны хуулиар Монголбанкинд бүх эрх мэдлийг өгөх боломж байсан. Монголбанк валютын ханшаа тогтоодог, мөнгөний бодлогоо барьдаг мөн УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Мөн хуулиар тодорхой хэмжээнд босго тавиад зээлийн хүүг үе шаттай бууруулах боломж байсан. Хоёр жилийн өмнө Монгол улсын тэтгэвэр, цалин авагчдын 83 хувь зээлтэй байсан. Малчдын 86 хувь нь мөн зээлтэй байв. Аж ахуй нэгжүүдийн 72 хувь банкны зээлтэй. Үүнээс л гарах хэрэгтэй гэж бид ярьж байсан шүү дээ, гарах боломжийг өнөөдөр алдлаа. Банкны том нөлөө орлоо гэж харж байна. Би банкны зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулж Хаврын чуулганд багтаан хэлэлцүүлнэ. Хадгаламжийн хүүг бууруулах, гаднаас орж ирэх мөнгөн эх үүсвэрийн татварыг бууруулах, зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь оруулж ирнэ гээд л хэлэлцэлгүй хасчихлаа шүү дээ. Хэзээ ч хэлэлцэх юм бүү мэд.

-УИХ-д хувьдаа банктай хичнээн гишүүн байдаг вэ?

- Нэлээн хэд байдаг байх. Ер нь банктай холбоотой хуулийг хэлэлцэхэд банктай гишүүдийг ажлын хэсэгт оруулахгүй байх ёстой юм байна.

-"Эрдэнэт" үйлдвэрийн хувьцааны асуудал сөхөгдөөд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнө нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ мэддэг байсан. Үлдсэн 51 хувийн 20 гаруй хувийг нь Сангийн яам, үлдсэн 20 гаруй хувийг нь Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэддэг байлаа. Энэ нь төрийн өмч эзгүйдэх, хариуцлагын систем алдагдах нөхцөл байдлыг бий болгоод байсан юм. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ийм нөхцлөөр ажилладаг байсан. Харин манай Засгийн газар үүнийг нь болиулаад 51 хувийг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн.

-Эрдэнэт үйлдвэрээс иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ гэж байгаа. Энэ боломжтой гэж та үзэж байна уу?

- Шийдвэр гаргасан Засгийн газрын сайд нараас асуух нь зүйтэй болов уу.

-Засгийн газраас зарим татварыг нэмсэн асуудлыг эргэн харна гэх мэдээллийг өгч байгаа. Татвар нэмэхээс бусдаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бий  юу?

-Татвар нэмсэн асуудлыг эргэн харах боломж Засгийн газарт бүрэн бий. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгох ёстой гэх шаардлагыг ОУВС-гаас тавьсан. Гэтэл 2018 оны улсын төсөв батлахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлаар ОУВС-тай ярилцсан гэсэн. Тэгэхээр татварын нэмэгдлийн асуудлыг дахин ярилцахад болохгүй зүйлгүй. Бид ОУВС-гийн хөтөлбөрт ороод тодорхой хугацаа өнгөрсөн. Мөн эхний гэрийн даалгавруудаа хийчихсэн. Тийм болохоор одоо эдийн засагт үүссэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд харилцан ойлголцох боломж бий. Энэ бол Сангийн сайдын хэр ажиллахаас шалтгаална.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ