Банк санхүүгийн тогтолцооны эрсдлийг урьдчилан тандах эрх зүйн орчин бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн УИХ-д өргөн мэдүүлжээ. Хууль батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох төдийгүй, цаашлаад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн Монголбанкнаас арилжааны банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болох аж.
Хэлэлцүүлгийн шатанд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, "Хууль батлагдсанаар арилжааны банкууд зөвхөн зээл олгох үйл ажиллагаа явуулна. Банкны дор цаашид огт охин компани байгуулахгүй" гэдгийг тодотгож байсан юм. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа хуулийн төслийг олонх дэмжсэн тул баталлаа.
Б.Туул