Өвөрмонгол руу нэг кг махыг 12 мянгаар экспортлох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-19 18:32:42

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12.2 хувийг бүрдүүлдэг, нийт ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг юм. Уг бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжихээр төлөвлөсөн байна. Бодлого хэрэгжснээр ХАА-н гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дагавар гарах аж.

Түүнчлэн манай улс дотоодын хэрэгцээнээс илүү гарч буй хөдөө аж ахуйн гаралтай зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох таатай боломж бүрдээд байгаа одоогийн нөхцөлийг цаг алдалгүй ашиглахын тулд төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байгаа юм. Үүний тулд таваарлаг, эрчимжсэн ХАА-н үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй дараах хоёр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм. Нэгдүгээрт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох хорио цээрийн шаардлагыг хангах, хоёрдугаарт дотоодод бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг баталгаат агуулах, хилийн боомт хүртэл тээвэрлэх логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал хөндөгдөж байгаа юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, махны экспортыг эрчимжүүлэх талаар ямар арга хэмжээ авч буй талаар гишүүд тодруулсан. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Өмнөх жилүүдэд мах үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд маань олон улсын шаардлага хангаагүйн дээр шүлхий гарсан тул монголоос мах авахгүй гэсэн хорио цээрийн асуудал гарсан. Тиймээс махны экспорт эрс буурсан байсан. Энэ жилийн хувьд манай үйлдвэрлэгчид олон улсад тавигддаг шалгуурыг хангаад байна" гэсэн бөгөөд цааш хэлэхдээ, "Жилийн өмнө ОХУ руу хоёр үйлдвэр мах экспортлох эрхтэй байсан бол энэ жил 26 болж нэмэгдсэн. Вьетнам руу хонь, ямааны мах экспортлох боломжтой 8 үйлдвэр байна. Хятад руу 12 үйлдвэртэй мах экспортлохоор ярьж байна. Мах, махан бүтээгдэхүүн экспортлоход шүлхийн өвчин хүндрэл үүсгэж байна. 800-гаад сая ам.долларын мах экспортлох гэрээг Махны холбоо урд хөрштэй байгуулсан. Өвөрмонгол руу экспортлох махны үнэ нэг кг нь 12 мянган төгрөг байна” гэлээ. 

Б.Туул

Холбоотой мэдээ