“Эрдэнэт үйлдвэр” ХХК 2017 онд үйлдвэрлэлийн осол, гэмтэлгүй ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-15 10:04:24
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК “ХАБЭА ба Ажилтны оролцоо” сэдэвт бага хурал зохион байгуулж цех, хэлтсүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа. Өнгөрсөн онд тус үйлдвэр үйлдвэрлэлийн осол, гэмтэлгүй сайн ажилласан байна.
Бага хурлын үеэр үйлдвэрийн ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, хүртээмж, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт сурталчилгааны агуулга, ажлын багаж хэрэгсэл, хувцасны загвар хийц, урамшуулалын оновчтой тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэсэн санал хэллээ. Үүнийг 2018 оны төлөвлөгөөндөө тусгаж ажиллана гэж хурал зохион байгуулагчид онцолоо. Хурлын төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг баримтлан ажиллаж, аюул эрсдэлгүй байхад олон талын хүчин зүйл нөлөөлж байгаа. Үүний дотроос хамгийн чухал нь уурхайчид та бүхний зөв хандлага, чин сэтгэл юм” гэж тодотгосон юм. 
Дашрамд дурдахад, ирэх гуравдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд “ХАБЭА ба хамтын оролцоо-2018” форумыг уул уурхайн салбарын бодлого тодорхойлогч байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ