Орхон аймгийн Засаг дарга улирал тутам сэтгүүлчидтэй уулзана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-14 17:23:39
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут  цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж тэдний асуултад хариуллаа. Уулзалтын эхэнд тэрээр улирал тутам орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж сонирхсон асуултад хариулж байх болно гэдгийг онцолсон юм.  Энэ оны эхний уулзалтад  орон нутгийн 20 гаруй сэтгүүлч оролцож өнгөрсөн оны гол бүтээн байгуулалт болон архины худалдаа, хөдөлмөр эрхлэлт, дахин сонгуулийн талаар тодрууллаа. 

Тухайлбал, шөнийн 03 цаг хүртэл зарим BAR ажиллуулах шийдвэрийн талаар тэрээр, "Шөнийн 03 цаг хүртэл BAR  ажиллуулсанаар архидалтыг дэмжлээ гэж иргэд бухимдаж байна. Өмнө нь 24 цагт BAR хаадаг байхад залуус шөнө шагчдаас баталгаагүй архи, согтууруулах ундаа авч их хэрэглэдэг байсан. Шагчдыг илрүүлэх гэж орон нутаг олон жил ажилласан. Мөн ахуйн хүрээний архидалт буурахгүй байсан.  BAR-ын цагийн хуваарийг өөрчилсөнөөр иргэд соёлтой хэрэглээнд суралцана. Мөн ахуйн хүрээний архидалт багасна. Бид хотын соёлд нь суралцах хэрэгтэй. Цаашид 24 цагийн эмийн сангуудыг ажиллуулна" гэлээ.

Мөн шөнийн дэлгүүрийн талаар хариулахдаа, "Эрдэнэт бол хот. Энд 100 мянган хүн ажиллаж амьдарч байна. Булган, Хөвсгөл, Архангай гээд баруун аймгаар зорчих гол зам бол Орхон аймгаар дамжин өнгөрдөг. Шөнө дайраад өнгөрч байгаа иргэдэд үйлчлэх дэлгүүр алга. Тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллах нь чухал. Шөнийн дэлгүүрт зөвхөн архи зардаггүй, бусад хэрэгцээт бүх зүйлсийг зардаг" гэлээ. 

Түүнчлэн орон нутгийн сонгууль дахих уу? гэсэн асуултад  Засаг дарга Д.Батлут, "Дахин сонгууль болохгүй. 2016 онд орон нутгийн Сонгууль хуулийн дагуу болж иргэд  саналаа өгсөн. Манай аймагт 48 мянган иргэн санал хураалтад оролцсон. Аймгийн Сонгуулийн хороо ч хуулийн дагуу ажилласан.  Харин Ардчилсан намын өөрийн дотоод зөрчлөөсөө болж 2016 оны сонгуульд оролцож чадаагүй. ИТХ-ын 33 төлөөлөгчөөс 30 нь МАН, 3 нь АН-аас сонгогдож  өнөөдөр бүрэн эрхийнхээ дагуу ажиллаж хууль эрх зүйн шийдвэрүүд гаргаад ажиллаж байна. Иймд саналаа өгсөн дээрх 48 мянган иргэний сонгох эрхэд халдаж болохгүй. Бид иргэдийнхээ эрх ашгийг хамгаална. Дахин сонгууль болохгүй" гэж хариулсан юм. 
Б.Оюун-Эрдэнэ

 
Холбоотой мэдээ