Нийтийг хамарсан ажил зохион байгуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-12 16:33:40
Ховд/МОНЦАМЭ/ Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай Ховд аймгийн Засаг даргын А/16 тоот захирамж  энэ сарын 11-нд гарлаа. Томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 17,7 хувийг эзэлж, дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэх болсонтой холбогдуулан тодорхой арга хэмжээ авч ажиллахыг байгууллагуудын дарга, эрхлэгч нарт даалгав.
Аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр срын 12-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд соёл, урлаг, спорт, үзвэр, үйлчилгээ сургалт зөвлөлгөөн зэрэг нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга, байгууллагын захирал, эрхлэгч нарт даалгав.
Эрсдэлтэй бүлгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмэнэлэг, сум дунд, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах, эрсдэлт бүлгийн иргэдэд үзүүлэх сум, өрхийн эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд шилжүүлэх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн Газрын дарга, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал нарт үүрэг болгожээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад даалгалаа.
  
                                                                                                                                              А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ