Мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн сургалтын төгсөгчид сертификатаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-11 17:18:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн сургалтыг амжилттай дүүргэсэн залуус сертификатаа гардан авлаа.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтууд болон компьютерийн үндсэн хэрэглээний сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж буй юм. 

Төслийн  хүрээнд компьютерийн үндсэн хэрэглээ, вэб дизайн, вэб хөгжүүлэгч, жава /JAVA/ ангиудын ээлжит сургалтуудыг зохион байгуулж, компьютерийн үндсэн хэрэглээний ангийн 33 төгсөгч, вэб дизайны ангийн 19, вэб хөгжүүлэгчийн ангийн 14, жава /JAVA/-гийн ангийн 19 төгсөгч, нийт 85 залуу амжилттай суралцаж сертификат гардав.

Дараагийн ээлжийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалт энэ сарын 10-ны өдөр, жава, вэб хөгжүүлэгчийн сургалтууд нэгдүгээр сарын 15-ны өдөр, вэб дизайны сургалт нэгдүгээр сарын 16-ны өдрөөс  хичээллэж эхлэх юм байна.

Дээрх сургалтад хамрагдах сонирхолтой оюутан, залуус, иргэдийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д бүртгэж эхэлжээ.
Холбоотой мэдээ