АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пенс Израильд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-09 15:24:45
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс ирэх долоо хоногт Израильд айлчлахаар төлөвлөөд байгаа тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр зарласантай холбоотойгоор палестинчууд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа энэ үед М.Пенс Израильд айлчлах гэж байгаа нь энэ юм.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, даваа гарагт буюу өчигдөр Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Дэд Ерөнхийлөгч Майк Пенс энэ сарын 19-23-нд Израиль, Египет болон Иорданд айлчилна” гэжээ.

Израильд хийх хоёр өдрийн айлчлалынхаа үеэр М.Пенс тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзах аж. Мөн тэрбээр Израилийн парламентад үг хэлж, Иерусалим хот дахь еврейчүүдийн “ариун газар” гэж үздэг газруудын нэг болох Баруун ханыг үзэж сонирхох юм байна.

Хэт давруу үзэлтнүүдийг дарахын тулд Ойрхи Дорнодын бүс нутаг дахь холбоотнуудтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ажлын хүрээнд М.Пенс энэ айлчлалыг хийх гэж байна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Иерусалимын статустай холбоотой асуудал бол Израиль-Палестины зөрчилдөөний “гол шалтгаан” юм.

Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ.

Гэсэн хэдий ч Д.Трамп өнгөрсөн онд тус хотыг “Израилийн нийслэл”-ээр зарласан юм. Шийдвэрээ буцаахыг Д.Трампаас палестинчууд шаардсаар байна.

Ажиглагчдын үзэж буйгаар, М.Пенсийн айлчлал нь тус бүс нутагт дахин мөргөлдөөн дэгдээж, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй.

Г.Доржханд
 


Холбоотой мэдээ