Хятадын зүүн эрэгт хоёр хөлөг онгоц мөргөлдсөний улмаас 32 хүн сураггүй болоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-08 07:59:52
БЭЭЖИН.  /Шиньхуа/. Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагийн орой Хятадын зүүн эрэг орчимд буюу Шанхай хотын ойролцоо хоёр хөлөг онгоц мөргөлдсөний улмаас 32 хүн, тэдний дотор Ираны 30 болон Бангладешийн хоёр иргэн сураггүй болоод байна гэж Хятад улсын Тээврийн яам мэдэгджээ.

Хятадын төрийн мэдлийн “Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, Панамд бүртгэлтэй нефть тээвэрлэгч хөлөг онгоц болон Хонконгт бүртгэлтэй ачаа тээврийн хөлөг онгоц өнгөрсөн бямба гарагийн оройн 8:00 цагт Шанхайн эргээс 296 км зайтай орших газарт мөргөлдсөн байна.
 
Ачаа тээврийн хөлөг онгоцны хөлгийн багийн 21 гишүүн бүгд аврагдсан аж. Энэ хүмүүс нь Хятадын иргэд гэнэ.
 
Ираны нэгэн компанийн эзэмшлийн 274 м урттай нефть тээвэрлэгч “SANCHI” хөлөг онгоц нь 60 сая ам.долларын өртөг бүхий 136 мянган тонн нефть тээвэрлэж явсан байна. Тус хөлөг онгоц нь Иранаас БНСУ руу явж байсан гэж Хятад улсын Тээврийн яамны мэдэгдэлд дурджээ.

“SANCHI” хөлөг онгоцны тээвэрлэж явсан бүх нефть далайд асгарч, шатаж дууссан аж. Энэ нь бүх цаг үеийн түүхэнд далайд хамгийн их хэмжээний нефть алдагдсан 10 тохиолдлын тоонд орж байна.
 
Тус хөлөг онгоцны багийн 32 гишүүнийг эрэн хайх ажилд Хятадын Тэнгисийн цэргийн хүчин найман хөлөг онгоц, тэдгээрийн дотор тусгай цэвэрлэгээний гурван хөлөг онгоцоо дайчилжээ.
 
Мөн БНСУ ослын бүс рүү эргийн харуулын нэг хөлөг онгоц болон нэг нисдэг тэргээ илгээсэн байна.

Г.Доржханд
 
Холбоотой мэдээ