НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны асуудлаар хуралдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-06 10:43:56
НЬЮ-ЙОРК. /Ройтерс/. Иранд эсэргүүцлийн жагсаалын үеэр олон хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баасан гарагт буюу өчигдөр хуралдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Хүний эрхийг зөрчихөө зогсоохыг Иранаас шаардахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд АНУ уриалснаар уг хуралдаан болсон байна. Гэхдээ ОХУ болон БНХАУ тэргүүтэй томоохон улс орнууд Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг “дотоод асуудал” гэж үзэж байгаа аж.

АНУ-ын хүсэлтээр хийсэн хуралдаан хоёр цаг орчим үргэлжилсэн байна. Ард иргэддээ тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх боломж олгохыг уг хуралдааны үеэр АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хэйли уриалжээ. Н.Хэйли хэлэхдээ “НҮБ-ын гишүүн улс орнууд “тусгаар улс” гэх нэр томъёог “бамбай” болгон ард түмнийхээ эрх, эрх чөлөөг зөрчиж хэрхэвч болохгүй. Улс орныхоо эд баялгийг Сири болон Йемений дайн, гадаадын зэвсэгт этгээдүүдэд зарцуулахын оронд ард түмэндээ зарцуулахыг л иранчууд эрх баригчдаасаа шаардаж байна. Иранчууд буруу юм шаардаагүй” гэжээ.

Харин ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензиа хэлэхдээ “Ираны нөхцөл байдал намжиж байхад АНУ яагаад энэ асуудлыг ингэж онцлоод байгаад гайхаж байна. Тэгээд ч Иранд болж буй эсэргүүцлийн жагсаал бол дотоод асуудал. Энэ бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар оруулах шаардлагагүй асуудал” гэсэн байна

Ажилгүй хүмүүсийн тоо олширч, өргөн хэрэглээний барааны үнэ эрс нэмэгдсэнтэй холбогдуулан иранчууд өнгөрөгч оны 12 дугаар 28-наас эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн юм. Тэр үеэс хойш эсэргүүцлээ илэрхийлэгчид болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд болсон мөргөлдөөний үеэр 23 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн баривчлагдаад байна.

 
Г.Доржханд
Холбоотой мэдээ