Х.Баттулга: Утааны асуудлыг шийдвэрлэхгүй бол УИХ-ыг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-05 12:34:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.

Ерөнхийлөгч энэ үеэр, “УИХ-ын даргад хандаж онц байдал зарлаач хэмээн хүссэн албан тоот хүргүүлсэн. Энэ дагуу чуулганы өнөөдрийн асуудлаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна. Гэтэл хуралдааны ирц тааруу байна. ҮАБЗ хуралдаад жилийн өмнө зохих байгууллагуудад холбогдох үүрэг даалгавар өгсөн ч хэрэгжсэн ажил байхгүй байна. Хэрэгжүүлэхгүй юм бол ҮАБЗ-ийг хуралдуулаад яах юм бэ. Утаа өнөөдөр гамшгийн түвшинд хүрсэн. Соён гэгээрүүлэх ажлыг иргэдийн дунд явуулья гэж гишүүд сая хэлж байна. Соён гэгээрүүлэх тухай ярья гэвэл хэдэн тамирчин, соёл урлагийн залуус байна. 

Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэсэн цагт утааг бүрэн шийднэ. Дагуул хотыг хөгжүүлж байж утаа арилна. Дагуул хот руу их дээд сургууль, зарим засаг захиргааны нэгж, урлаг соёлын байгууллагуудыг нүүлгэе. Хөдөөг орлогожуулж, сумдаа шинэчилье. Эдгээр шийдлийг баталж хавраас ажил хэрэг болгоё. Өнөөдөр дулаалгаар айл өрхийг хангаснаар утаанаас сална гэж ярьж байна. Иргэн ажилтай орлоготой болоогүй цагт Улаанбаатар утаанаас салахгүй. Сөрөг асуудлууд бий, тэдгээрийг давж гарах хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдэхгүй юм бол Засгийн газраа огцруулж сайд нарыг шинээр томилсны хэрэг гарахгүй. Энэ тал дээр УИХ санаачилгатай ажиллах хэрэгтэй. Ийм байдалтай байвал УИХ-ыг тараах асуудлыг хөндөх болно" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Утаанаас болж өнөөдөр олон иргэн, хүүхэд эмэгтэйчүүд хохирч байна. Ер нь агаарын бохирдлыг онц байдлын хэмжээнд авч үзэж байж арилна. Засгийн газар Эрдэнэтийн асуудал дээр зоригтой хөдөллөө. Одоо утаатай зоримог тэмцэх хэрэгтэй. Улаанбаатар нэг жилийн дотор утаанаас салах бүрэн боломжтой. Онц байдлаа зарла. Ерөнхийлөгчийн санаачилга зөв санаачилга. Энэ бол улстөржилт биш" гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа УИХ-ын дарга М.Энхболд “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дахин нэг нягталж үзсэний дараа чуулганы хуралдаанд эргэн оруулахыг үүрэг болгов.
Б.Туул
Холбоотой мэдээ