Франц улс интернэтээр ташаа мэдээлэл тараагчидтай тэмцэх хуультай болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-04 13:08:12
ПАРИС. /АП/. Дараа дараачийн сонгуулийн кампанит ажлын үеэр интернэтээр худал мэдээ мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэхийн тулд худал мэдээлэл тараагчидтай тэмцэх тухай шинэ хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Э.Макрон лхагва гарагт буюу өчигдөр ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “Засгийн газар худал ташаа мэдээлэл тараагчдаас ардчиллыг хамгаалах хуулийн тогтолцоог бий болгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл, тус улс нь худал мэдээллийг устгахыг үүрэг болгох, худал мэдээлэл тараагч цахим хуудсуудыг хаах эрх мэдлийг шүүхэд олгох аж.

Мөн гадаад улс орны засгийн газрын нөлөөгөөр худал мэдээлэл цацаж, хэвлэн нийтэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шууд хаадаг болно гэж Э.Макрон мэдэгдсэн байна.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд миний тухай хуурамч ташаа мэдээлэл тараасан гэж өнгөрөгч онд Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ