Иранд эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш Х.Роухани анх удаагаа ам нээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-01 13:06:34
ТЕГЕРАН. /Ройтерс/. Ард иргэд нь өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн эсэргүүцлийн жагсаал хийж эхэлснээс хойш Иран улсын Ерөнхийлөгч анх удаагаа үг хэлэхдээ “Иргэдэд эрх баригчдыг шүүмжлэх эрх бий. Гэхдээ бусдын эд хөрөнгө, нийтийн өмчийг сүйтгэх эрх тэдэнд огт байхгүй” гэжээ.

Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роухани ням гарагт буюу өчигдөр ард иргэддээ хандан үг хэлэх үеэрээ аливаа хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ цохон тэмдэглэжээ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсөж, ажилгүй хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас тус улсын зүүн хойд нутгийн Машхад хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн нь тус улсыг хамарсан томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал цуглаан болж, сүүлээрээ хүчирхийлэл болж хувирсан юм.

Жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхэн мөргөлдөж, жагсагчид цагдаагийн тээврийн хэрэгслүүдийг галдан шатаасан байна. Мөргөлдөөний үеэр хоёр жагсагч амь үрэгдсэн бол 300 гаруй жагсагч баривчлагдаад байгаа аж.

Ираны төрийн тэргүүн мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг “Дотоод асуудалд оролцлоо” гэж шүүмжилсэн байна. Х.Роухани хэлэхдээ “Хэдхэн сарын өмнө манай улсыг “террорист улс” гэж цоллож байсан энэ хүн өнөөдөр иранчуудыг өрөвдөж байгаа дүр эсгэж байна. Толгойтой үснээс нь эхлүүлээд хөлийн хуруу нь хүртэл бидний дайсан болох энэ хүнд манай улсын дотоод асуудалд оролцох эрх байхгүй” гэжээ.

Д.Трамп өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт “Твиттер хуудастаа “Ираны Засгийн газар ард түмнийхээ эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Иранчууд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” гэж бичсэн байсан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ