Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бидний мэдэх ёстой зүйл

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-27 12:24:26
МОСКВА. /ТАСС/. Оросын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-нд болох бөгөөд кампанит ажил нь энэ сарын 18-нд эхэлсэн. Тус улсын СЕХ сонгуульд нэр дэвшигчдийг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний 18:00  цаг хүртэл бүртгэнэ.
 
Ерөнхийлөгчийн албан тушаал
 
Орост ерөнхийлөгчийн албан тушаалыг 1991 онд бий болгосон. Тэр үеэс хойш тус улсад зургаан удаа, тодруулбал 1991, 1996, 2000, 2004, 2008 болон 2012 онд ерөнхийлөгчийн сонгууль хийгээд байна. Зөвхөн 1996 оны сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч шууд ялалт байгуулах хэмжээний санал авч чадаагүй учир хоёр дахь шатны сонгуулийг хийж байжээ. 1991 онд ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатайгаар сонгож байсан байна.

Харин 1993 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил болгон багасгажээ.

Тэгвэл 2008 оны 12 дугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2012 оноос эхлэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил болгож нэмсэн юм.
 
Сонгогчдын тоо ба ирц
 
2012 онд  хамгийн олон буюу 109 860 331 хүн санал өгөх эрхтэй байсан бол 1991 онд хамгийн цөөн буюу 106 484 518 хүн санал өгөх эрхтэй байжээ.

1991 оны зургадугаар сарын 12-нд явуулсан анхны ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын ирц хамгийн өндөр буюу санал өгөх эрхтэй хүмүүсийн 74.66 хувь нь /79 498 240 хүн/ саналаа өгч байв.

Харин 2004 оны сонгуульд 69 572 177 хүн буюу нийт сонгогчдын 64.38 хувь нь саналаа өгсөн нь Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд сонгогчдын ирц хамгийн муу байсан тохиолдол юм.
 
Нэр дэвшигчдийн тоо

1991 оноос хойших Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 29 хүн нэр дэвшиж байжээ.

Либерал-Ардчилсан намын дарга Владимир Жириновский хамгийн олон буюу таван удаа /1991, 1996, 2000, 2008 ба 2012/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан байна. Тэгвэл Оросын Коммунист намын дарга Геннадий Зюганов дөрвөн удаа, тодруулбал 1996, 2000, 2008 болон 2012 ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан бол Оросын одоогийн төрийн тэргүүн Владимир Путин 2000, 2004 болон 2012 онд буюу гурван удаа нэр дэвшиж байсан юм. В.Путин ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

2000 оны сонгуульд хамгийн олон хүн нэр дэвшиж байсан бол 2012 оны сонгуульд хамгийн цөөн буюу дөрвөн хүн нэр дэвшиж байжээ.
 
Эмэгтэй нэр дэвшигчид
 
1991 оноос хойших Оросын ерөнхийлөгчийн сонгуульд ердөө хоёрхон эмэгтэй хүн нэр дэвшиж байсан байна.

Бүх Оросын Иргэний нэр алдрын төлөөх хөдөлгөөний тэргүүн Элла Памфилова /Одоо Оросын СЕХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа/ 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, нийт сонгогчдын 1.01 хувийнх нь саналыг авснаар 11 нэр дэвшигчээс тавдугаарт орж байжээ. Барууны хүчнүүдийн холбоо намын дарга Ирини Хакамада 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд 3.84 хувийн санал авснаар зургаан нэр дэвшигчийн тавдугаарт бичигдэж байсан аж.
 
Нэр дэвшигчдийн нас
 
Оросын Ардчилсан намын дарга Андрей Богданов  нь одоогоор хамгийн залуу нэр дэвшигч гэгдэж байна. Тэрбээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд 38 нас нэг сартайдаа нэр дэвшиж байв.
 
1996 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан нүдний эмч бөгөөд Төрийн думын гишүүн Святослав Федоров нь хамгийн хөгшин нэр дэвшигч хэвээр байна. Тэрбээр 68 нас 10 сартай байхдаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байжээ
 
Саналын тоо
 
2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дмитрий Медведев Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд хамгийн олон буюу нийт сонгогчдын 70.28 хувийнх нь /52 530 712 хүний/ саналыг авч байжээ.

Харин 1996 оны сонгуульд ялсан Борис Ельцин нийт сонгогчдын ердөө 40.31 хувийнх нь  / 26 665 495 хүний/ саналыг авч байсан гэнэ.
 
Санхүүжилт

2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс хамгийн их буюу 10.36 тэрбум рубль зарцуулж байсан бол 2000 оны сонгуульд хамгийн бага буюу 1.42 тэрбум рублийг зарцуулж байжээ.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ