Л.Элдэв-Очирыг байнгын хорооны даргаар сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-21 13:00:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаас УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн. Хэлэлцэж асуудлаар гишүүд асуулт асууж тайлбар авсны дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг тус байнгын хорооны даргаар сонгов.

УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн хуулийн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан. Уг байнгын хороог өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ахалж ажилласан бөгөөд хуулийн хугацаа дуусгавар болсон тул шинэ дарга сонгосон нь энэ юм.

Л.Элдэв-Очир нь 1981 онд нийслэлийн 41 дүгээр дунд сургууль, 1986 онд Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга, 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал, 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал, 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал, 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Канад Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргын албыг тус тус хашиж байжээ. 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Б.Туул
Холбоотой мэдээ