О.Баасанхүү гишүүн Эрүү болон Зөрчлийн хуультай холбоотой санал хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг байгуулж, хууль хэрэгжүүлэх явцад гарч буй алдаа завхарлыг арилгахад шийдвэрийн төслийг Засгийн газраас боловсруулж ирэх оны 1 дүгээр улиралд багтаан өргөх хэрэгтэй хэмээн үзэж, Хууль зүй дотоодын хэргийн сайд Ц.Нямдоржид хандав.
Хүчингийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаатай холбоотой асуудлыг Эрүүгийн хуульд хөнгөрүүлсэн заалттай баталсан. Тухайлбал бусдын биеийг үнэлэх, садар самууныг санаатайгаар зохион байгуулах зорилгоор орон байр, эд материалаар хангасан тохиолдлыг өмнөх Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар гэмт хэрэг гэж тооцохоо больсон. Мөн Эрүүгийн хуульд тодорхой зохицуулалт хийгээгүйгээс хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, фэйсбүүк, твиттер хуудсаар хувийн өш хонзон авах зорилгоор бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэх, нэр төрийг нь үндэслэлгүй гутаах, доромжлох асуудлууд ихээр гарч байна хэмээн О.Баасанхүү гишүүн үзэж байна.
Тус яамнаас дээр дурдсан хугацаанд ямар нэг шийдвэр гаргаагүй тохиолдолд УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд тэрбээр хуулийн төсөл боловсруулж өргөн барина гэдгээ мэдэгдсэн аж.
Б.Туул