“WannaCry” вирусийг Умард Солонгос тараасан нь тодорхой байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /АП/. Энэ оны эхээр олон улс орны эмнэлэг, компани болон банкуудын компьютерын дотоод сүлжээнд “WannaCry” хэмээх вирус тараасан хэрэгт Умард Солонгос “шууд холбоотой” гэж АНУ-ын засаг захиргааны албаны хүн мэдэгдсэн тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.
Хакерчид “WannaCry” вирусээр байгууллагуудын компьютеруудыг түгжиж, мэдээллийг нь барьцаалаад мөнгө нэхэж, заасан хугацаанд мөнгө шилжүүлсэн тохиолдолд цоожийг тайлж, үгүй бол тухайн компьютер дээрх мэдээллийг устгаж байсан билээ.
Хакерчид “WannaCry” вирусээр байгууллагуудын компьютеруудыг түгжиж, мэдээллийг нь барьцаалаад мөнгө нэхэж, заасан хугацаанд мөнгө шилжүүлсэн тохиолдолд цоожийг тайлж, үгүй бол тухайн компьютер дээрх мэдээллийг устгаж байсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын туслах Томас Боссерт өчигдөр “Уолл Стрийт” сонинд ярилцлага өгөхдөө “Энэ халдлагатай Умард Солонгос шууд холбоотой. Ийм халдлага дахин үйлдүүлэхгүйн тулд бид Пхеньяны эсрэг байж болох бүх арга хэмжээг авах болно” гэжээ.
“WannaCry” вирус тарааж, улс орнуудад хэдэн тэрбум долларын хохирол учруулсан хэрэгт АНУ-ын албаны хүн Умард Солонгосыг анх удаагаа шууд буруутгасан нь энэ юм.
Д.Трампт дотоодын аюулгүй байдлын чиглэлээр зөвлөгөө өгдөг ноён Т.Боссерт ярихдаа “Би үндэслэлтэй, нотлох баримттай юм ярьж байна” гэжээ.
Уг кибер халдлагыг Умард Солонгос үйлдсэн нь “үндсэндээ тодорхой байна” гэж Их Британийн Засгийн газар өнгөрсөн сард мөн мэдэгдэж байсан юм.
Цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй нь холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэг шахалт үзүүлж байгаагаас гадна өнгөрсөн сард АНУ “терроризмыг ивээн тэтгэгч улсууд”-ын жагсаалтад дахин оруулсантай холбоотойгоор Умард Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал улам бүр хүндэрсээр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор мөнгө олохын тулд Умард Солонгос ашиглаж буй янз бүрийн буруу аргуудын нэг нь кибер халдлага үйлдэх юм гэж шинжээчид мэдэгдэж байна.
“WannaCry” вирус тараасан хэрэгт Пхеньяныг буруутгасан албан ёсны мэдэгдлийг Цагаан ордон удахгүй гаргах аж.
Г.Доржханд