Өнөөдөр мэргэжлээс шалтгаалах өвчний хяналтанд 3532 хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-12-18 13:32:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл  мэндийн төв эмнэлгийн хяналтанд өнөөдрийн байдлаар 3532 хүн байна.

Энэ хүмүүсээс хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарын хүмүүс ихэнх хувийг эзэлж байгаа юм. Аливаа хөдөлмөр эрхлэх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэдэг.

Мэргэжлээс шалтгаалах өвчин нь салбар тус бүрээр ажлын нөхцлөөс хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал, уул уурхайн салбарт уушги тоосжих өвчин зонхилж байхад хүнд үйлдвэрт нурууны эмгэг, эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн салбарт шуугианаас гаралтай сонсгол бууралт давамгай  илэрдэг ч эдгээр нь холимог байдлаар илрэх ч тохиолдол байна.

Харин барилгын салбарт мэргэжлээс шалтгаалах өвчлөл нь гуурсан хоолойн тоосны шалтгаант үрэвсэл, нурууны эмгэгүүд зонхилон тохиолддог. Мэргэжлээс шалтгаалах өвчин нь богино хугацаанд илэрчихдэггүй. Голдуу удаан хугацааны дараа хор уршиг нь илэрч, өвчлөлд өртсөн байх нь элбэг. Иймд тоомжиргүй хандаж, хамгаалах хэрэгсэлээ хэрэглэхгүй байх өндөр эрсдэлтэй юм.

Үзлэг шинжилгээнд оруулах, хор саармагжуулах бүтээгдэхүүн,  хамгаалах хэрэгсэлээр хангах зэргийг та шаардах, хуульчилж өгсөн бүрэн эрхтэй. Эрүүл аюулгүй нөхцөлд ажиллах эрхээ та эдлэх ёстой гэдгээ мэддэг байх ёстой.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ