Хайлаастаас Дарь-Эхийн хүртэлх 1.4 км авто замын бүтээн байгуулалт 31 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-18 13:06:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр  (у/м) гүүрийн бүтээн байгуулалтын ажил 31 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлэв.

Бүтээн байгуулалтын ажлыг "Мотор сервис" компани энэ онд эхлүүлсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, 21 дам нурууг цутгаж, газар шороо, далангийн дүүргэлтийн ажлуудыг гүйцэтсэн байна. Ингэснээр энэ онд хийх ажлын төлөвлөгөө гүйцэж байгаа бөгөөд үлдсэн хэсэг буюу 1.4 км урт, 14 метр өргөн зорчих хэсэгтэй, гурван метр өргөн явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажлыг ирэх хавар бүтээн байгуулалтын улирал эхлэхэд гүйцэтгэх юм.

Тус автозам, гүүрийг барьснаар Дарь-Эхийн зам, Чингэлтэйн гудамжийг холбох шинэ дэд бүтэц бий болж, нийслэлийн хойд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал буурах боломжтой хэмээн үзэж байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ