Европын Холбооны дээд хэмжээний уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-14 11:26:48
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Бельги улсын Брюссель хотод Европын Холбооны гишүүн улсуудын төр, засгийн  газрын тэргүүн нарын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт  өнөөдөр эхэлнэ гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Уулзалтын эхний өдөр буюу өнөөдөр цагаачлал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон түншлэл болон Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-тай хамтран ажиллах хөтөлбөрийг хөгжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж. Түүнчлэн Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, АНУ ЭСЯ-аа Иерусалим хот руу шилжүүлэх тухай шийдвэр гаргасантай холбоотойгоор Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс хурцдаад байгаа талаарх асуудлуудыг авч хэлэлцэх юм байна. Мөн уг уулзалтын үеэр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Украины асуудлаарх "Нормадын дөрвөл" яриа хэлэлцээний тухай илтгэл тайлан тавих аж.

Харин уулзалтын хоёр дахь өдөр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ЕХ-ноос гарах нөхцлийн талаарх хэлэлцээний үйл явцыг мэдээлэх юм байна.  Их Британи ЕХ-ноос гарах нөхцлийн тухай хэлэлцээний эхний шат дуусаж байгааг ЕХ-ны төр, засгийн газрын тэргүүнүүд баталгаажуулж, хоёрдугаар шатны хэлэлцээг эхлүүлэх эрхийг олгох аж. Их Британи ЕХ-ноос гарах асуудлаарх хэлэлцээг хоёр жилийн дотор буюу 2019 оны гуравдугаар сарын 29-ны дотор хийж дуусгах ёстой юм.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ