Завханы 60 гаруй ахмадууд жавхаат хэмнэлд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-06 17:55:18
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт жавхаат хэмнэл аэробик дасгалыг ахмадуудад заах 18 сургагч багш бэлтгэгдэж 60 гаруй ахмадууд жавхаат хэмнэлд нэгдээд байна.
Энэхүү үйл ажиллагаа нь “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс зохион байгуулагджээ. Хүн амын эрүүл зан үйл, эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор Завханы Засаг даргын Тамгын газар, ЭМГ, Ахмадын хороо хамтран дөрвөн өдөр Жавхаат хэмнэл нэртэй сургалтыг зохион байгуулжээ. “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын сургалтанд Улиастай сумын зургаан багаас 24 ахмад оролцож 18 сургагч багш аорэбик заах багшаар бэлтгэгджээ. Эдгээр багш нар эхний ээлжинд Улиастай сумын зургаан багийн иргэдийн хөгжлийн төв, сумын Засаг дарга, Өрхийн эмнэлэгтэй хамтран долоо хоногт хоёр удаа “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын хичээлийг ахмадуудад явуулах аж. Харин цаашид 24 сумын ахмадуудад сард хоёр удаа “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын хичээлийг тусгай төлөвлөгөөний дагуу заахаар болжээ. Мөн ахмад настан бүрийг энэхүү дасгалаар хичээллүүлдэг болгох, тэдний эрүүл мэнд, эрүүл зөв амьдрах дадалыг нэмэгдүүлэх олон талын ажлыг хийхээр төлөвлөж буйг зохион байгуулагчид мэдээлэв. “Жавхаат хэмнэл” аэробик дасгалыг 60 гаруй ахмад настан хийж байгаа гэв.  Мөн үеэр “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, Өрхийн эрүүл мэндийн төв, ахмад настнуудад эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл насжилт, эрүүл аж төрөх ёс”, “Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтуудыг ахмадуудад хийжээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ