Агаараар болон газраар довтлохоо зогсоохыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-04 10:28:30
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Йемений нийслэл Сана хотод байлдааны ажиллагаа болон агаарын цохилт эрчимжиж байгаад сэтгэл түгшиж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш илэрхийллээ. Хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгох үүднээс мөргөлдөөнөө зогсоохыг сөргөлдөгч талуудад хандан НҮБ-ын тэргүүн уриалсан тухай өчигдөр түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд мөргөлдөөний улмаас олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархдаад байна.

“Зэвсэгт мөргөлдөөний улмаас Сана хотод хөл хөдөлгөөн хязгаарлагджээ. Эмнэлгийн багийнхан шархадсан хүмүүст хүрч чадахгүй байна. Ард иргэд хоол хүнс болон бусад гол хэрэгцээний зүйлсээ олж авахын тулд гадагшаа гарах боломжгүй болоод байна. Олон сая йеменчүүдэд тусламж шаардлагатай байгаа энэ үед хүмүүнлэгийн байгууллагууд Йеменд амин чухал хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадахгүй байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бүх сөргөлдөгч талуудыг агаараар болон газраар довтлохоо зогсоохыг уриалж байна” гэж Стефан Дюжаррикийн мэдэгдэлд дурджээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ