Хүнсний аюулгүй байдал, экспортыг нэмэгдүүлэхийг дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-11-17 14:33:39

ТБИЛИСИ. /finchannel/. Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээ Монгол Улс хөрш орнууддаа экспортлох асар их боломжийг ажил хэрэг болгох хүнсний аюулгүй байдал, амьтан, ургамлын эрүүл ахуйн шаардлагыг бэхжүүлэх  тус улсын хүчин чармайлтыг дэмжихэд зориулж 15 сая долларын зээлийг Азийн хөгжлийн банк олгохоор болсон байна.

“Тус улс 52 сая орчим тоо толгой малтай бөгөөд энэ нь хөдөө орон нутгийн хүн амын ажил, орлогын гол эх сурвалж болдог. Гэвч Төв Азийн хөрш орнууд болох БНХАУ, Орос зэрэг улсын мах, сүү, амьтны гаралтай бүтээгдэхүүний эрэлтийг Монгол Улс хангах чадавхыг эрүүл ахуй, ургамлын ариун цэврийн стандартын ялгаа хязгаарладаг” гэж Азийн хөгжлийн банкны Бүсийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Кристина Лозано хэлжээ.

Сүүлийн арван жилд тус улсын Засгийн газраас эрүүл ахуй, ургамлын ариун цэврийн системээ үлэмж сайжруулсан боловч сорилт тулгарсан хэвээр байна. Орчин үеийн тоног төхөөрөмж, чадварлаг ажилтнаар туршилтын лабораториуд дутмаг бөгөөд мэдээллийн технологийг өргөн ашигладаггүй байна. Үр дүнд нь тус улсын хүнсний аюулгүй байдал, амьтан, ургамлын эрүүл ахуйн шаардлага олон улсын стандартад үл нийцэж, Монголын экспортын боломжийг хязгаарлаж байна. 

Энэ төсөл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, хяналт, шинжилгээ хийхэд Монголын Засгийн газарт тусалснаар тус улсын экспортыг тэлж, хөдөө орон нутагт орлого, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж Азийн хөгжлийн банк үзэж байна.

Орос, Зүүн Азийн хоорондох хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний эргэлтэд чухал ач холбогдолтой хилийн боомтыг холбодог Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны коридорын хүрээнд Монголын гурван аймагт лаборатори сайжруулах зорилтыг тавьжээ.

Ингэж сайжруулснаар дэд бүтэц, тоног төхөөрөмж шинэчлэгдэж, дээж шинжлэх лабораторийн мэдээллийн удирдлагын систем хөгжинө. Эрсдлийн үнэлгээг автоматжуулах, эрсдэлд тулгуурласан импортын хяналтыг багтаасан эрүүл ахуй, ургамлын ариун цэврийн шалгалтын системтэй болоход тус улсад туслах юм.

Хяналт, шалгалттай холбоотой чирэгдлийг багасгах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үүднээс Дэлхийн худалдааны байгууллагаас тогтоосон олон улсын стандартад дээж авах, турших аргачлалаа нийцүүлэх туслалцааг мөн үзүүлэх юм.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд эрүүл ахуй, ургамлын ариун цэврийн өөрчлөн шинэчлэлт хийх талаар Монгол тэргүүлэх боломжийг энэ төсөл олгоно.

Филиппиний нийслэл Манила хотод байрладаг Азийн хөгжлийн банк нь хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, байгаль орчинд ээлтэй өсөлт, бүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан Ази-Номхон далайд ядуурлыг бууруулах зорилготой билээ.

1966 онд үүсгэн байгуулагдсан уг банкны 67 гишүүний 48 нь тус бүс нутагт оршиж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ