Дэлхийн цомын АШТ-д манай эмэгтэй бөхчүүд хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-28 12:55:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Чебоксар хотноо ирэх 12 дугаар сарын 1-2-нд болох чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид оролцоно.

Энэхүү 16 дахь удаагийн ДЦАШТ-д Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм. Тус тэмцээний сугалаа болж, манай эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ болон Азербайжан, Дэлхийн аварга Юлия Ткач тэргүүтэй Украины шигшээ багтай “В” хэсэгт багтжээ.

Харин Дэлхийн цомын 8 түрүүтэй Япон, нэг удаагийн аварга АНУ, зохион байгуулагч орон ОХУ, Скандинавын хойгийн Шведийн шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдсан байна.
Польш улсад өнгөрсөн долоон хоногт болсон чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцсон манай залуучуудын шигшээ баг Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Быдгошоос Чебоксарыг зорьжээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ