Оффшор дахь мөнгийг эх орондоо эргүүлэн татах боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-23 18:21:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт- хэлэлцүүлэг боллоо.

Оффшор бүс ашиглан татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор тус хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан юм. Сургалт-хэлэлцүүлгийн үдээс өмнөх арга хэмжээг ҮАБЗ-ийн Ажлын алба, Шүүх, прокурорын байгууллага, АТГ, ЦЕГ, Татварын ерөнхий газар, ТЕГ, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан. Харин үдээс хойшхи сургалтад иргэний нийгмийн төлөөллүүд, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг хамруулсан юм. Сургалтын үдээс хойшхи арга хэмжээг нээж Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ авлигатай тэмцэх явдалд иргэний нийгмийн байгууллагынхан их үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод тэдгээр иргэд, ТББ-уудад энэхүү сургалтыг зохион байгаагаа хэллээ. 

Үүний дараа АНУ-ын Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминалоги ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас “Санхүүгийн гэмт хэргийн эсрэг Олон улсын стандартууд ба  тэдгээрийн Монгол дахь нөлөө” сэдвээр лекц уншсан юм. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ авлигатай тэмцэх явдалд тухайн улс орнууд үндэсний хэмжээний хууль тогтоомжоо батлан гаргах шаардлагатай. Гэхдээ авлигатай тэмцэхэд дан ганц хууль тогтоомжууд хангалттай бус. Үүний зэрэгцээ олон улсын гэрээ, конвенцид нэгдэх хэрэгтэй. Дэлхийн 183 орныг нэгтгэсэн НҮБ-ын Аюулгүйн эсрэг конвенц гэж бий. Үүний зэрэгцээ тус конвенцийг хэрхэн хэрэгжүүлэх удирдамжийг батлан гаргасан. Мөн Зохион байгуулалттай хил дамнасан гэмт хэргийн конвенц ч гэж бий. Эдгээр хоёр конвенцид маш олон улс орнууд нэгдэн орсон байдаг. Улс орнууд шударга засаглал, хууль дээдлэх ёсыг тэдгээр хууль тогтоомжуудтай уяж өгөх хэрэгтэй. 

Мөн улс орнууд авлигатай тэмцэх байгууллагыг байгуулж байгаа ч үүгээр авлига буурна гэсэн үг биш. Дэлхийн улс орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд, Авлигатай тэмцэх эрх бүхий хараат бус байгууллага байгуулсан ч ямар ч өөрчлөлт гараагүй улс байна. Улс орныг бүхэлд шуугуулсан хэрэг гарлаа гэхэд нэг хэсэг шалгаж байгаад болчихдог. Хэрэв тухайн хэргийг илрүүлэхээр чин шударгаар ажиллаж байсан бол улстөрийн нөлөө ороод удирдлагыг нь ажлаас нь чөлөөлчихдөг. Үүгээр хэргийг замхруулдаг. Хуулийг дагаж мөрдөхөөс гадна ажлын арга барил, ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх нь чухал” хэмээв.

Тус хэлэлцүүлэгт ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээч Ц.Туяацэцэг оролцсон. Тэрбээр 2013 оноос оффшорын эсрэг дуу хоолойгоо нийгэмд хүргэж, үйл ажиллагаа явуулж байгаа нэгэн. Ц.Туяацэцэг оффшор гэдэг бол үндэстэн дамнасан санхүүгийн гэмт хэрэг хэмээн тодорхойлж байна. Энэ эмэгтэй УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт мөнгө байршуулсан гэх үеэс энэ чиглэлээр дагнан ажиллаж буй. Түүний хувьд манай улс авлигатай тэмцэхэд АТГ-ын удирдлагыг ямар нэг улстөрийн нөлөөгүй томилдог байх, Улсын Прокуорорын Ерөнхий газрын энэ чиглэлийн бүтцийг өргөтгөж чадварлаг мэргэшсэн ажилтнуудаар бүрдүүлэх, тэдгээр хүмүүсийн ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор хангалттай мөнгө төгрөг төсөвлөдөг байх, Швейцарь улстай харилцан туслах гэрээ байгуулах зэрэг хэд хэдэн анхаарал татахуйц асуудал байгааг ярьж байв. 

Түүнчлэн  тэрбээр, “Засгийн газраас баталсан “оффшор бүс”-ийн жагсаалтыг бодитой бус. Учир нь уг жагсаалтад Швейцарь, Сингапур зэрэг улсыг оруулаагүй. Швейцарийг оффшор бүс нутаг гэдгийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн мэдэж байхад Засгийн газраас оффшор бүс нутаг биш гэж зарласан. Тэрхүү жагсаалтыг гаргасан хүмүүс дээрх улсад данстай байна уу гэдэг нь хардлага дагуулж байна. Тиймээс энэхүү жагсаалтыг өөрчлөх шаардлагатай. Тийм ч учраас нөлөөллийн арга хэмжээ болгож өнөөдрийн сургалт-хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Ер нь тухайн хүн гадны улсад шударгаар хөдөлмөрлөсөн бол мөнгөө нааш нь авч ирэх шаардлагагүй. Харин эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон мөнгө бол хамгийн эхэнд эх сурвалжийг нь тогтоох хэрэгтэй. Ингэж чадвал тэр мөнгийг эргүүлэн татах боломжтой. Гэхдээ хамгийн гол нь, хохирогч нь Монгол Улс гэдгийг л тогтоох шаардлагатай" хэмээн нэмж ярьлаа. 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Холбоотой мэдээ