Шилдэг хэсгийн төлөөлөгч УАЗ фургон машинаар шагнуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-21 17:13:02
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” алба хаагч шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 16 хэсгийн төлөөлөгч оролцсоноос Ноён сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Бямбадорж нэгдүгээр байрт шалгарч Цом, өргөмжлөл, алтан медаль, уаз фургон авто машинаар шагнуулсан байна. 
Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дөлгөөн хоёрдугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль 240.000 төгрөгийн эзэн болсон бол Гашуун Сухайт хилийн боомт хариуцсан төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэвсүрэн гуравдугаар байрт шалгаран өргөмжлөл, хүрэл медаль, 120.000 төгрөгөөр шагнуулжээ.

Энэхүү тэмцээнийг хэсгийн төлөөлөгч нарынхаа албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, ажил мэргэжлийн ур чадварыг шалгах зорилгоор зохион байгуулжээ.
“Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” шалгаруулах уралдаанд хэсгийн төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан гэмт хэрэг илрүүлсэн байдал, бие бялдар, сэтгэн бодох чадвар, компьютерийн мэдлэг, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, тэсвэр тэвчээр зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ