Г.Майцэцэгийг МАН-ын даргад өрсөлдөх эрх үүсээгүй гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-21 12:56:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж, хүсэлтээ хүргүүлээд байсан. Гэвч өнөөдөр МАН-аас Г.Майцэцэгийг МАН-ын даргад нэрээ дэвшүүлэх эрх үүсэхгүй байна гэсэн албан хариуг өгчээ.

Тэрбээр 2010 онд тус намын гишүүнээр элссэн бөгөөд Баянгол дүүргийн 20-р хорооны 121 дүгээр үүрт харьяалагддаг хэмээн мэдэгдэн, намын даргад нэрээ дэвшүүлсэн. Харин МАН-аас өгсөн хариуд Г.Майцэцэгийг 121 дүгээр үүрт харьяалагддаг нь тогтоогдохгүй байгаа учир МАН-ын даргад нэрээ дэвшүүлэх эрх үүсэхгүй байна гэжээ. Тодруулбал албан бичигт “Танаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн Монгол Ардын Намын даргад өрсөлдөх тухай хүсэлтийг хүлээн авч судлан үзлээ. Монгол Ардын Намын дүрмийн 4.1.2 дахь хэсэгт намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Та Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээр үүрт харьяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул Монгол Ардын Намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэжээ. Мөн Баянгол дүүргийн МАН-ын 121 дүгээр үүрт огт харьяалагддаггүй болохыг үүрийн дарга Д.Цэрэндэжидийн албан бичгээр баталгаажуулсан аж. 
 
Н.Туяа
Холбоотой мэдээ